
Өнгөрсөн оны гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Хэрэгт холбогдогч О.Элбэгсайханы үйлдлийг гурван шатны шүүх өнгөрсөн оны 11 дүгээр сард эцэслэн шийдвэрлэж, 12 жил хорих ял оноосон байдаг. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхээр үлдсэн гурван этгээдийн шүүх хурал болсон байна. Улмаар Н.Энхтөр, О.Энхболд нарыг 13 настай охиныг хүчиндсэн гэм буруутайд тооцож, 12 жил хорих ялаар шийтгэжээ. Харин Э.Баярцолмонг цагаатгасан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Эргэн сануулбал: Өрөг.мн сайтын хоёр ээлжийн сурвалжлах баг өнгөрсөн дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт ажиллаж, энэ хэргийн талаар нийтэд мэдээлсэн. Харин хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нар мэдээ цацагдсан өдрийг хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд эл хэргийг мэдээлээгүй бол хэрэг үүсгэж, шалгаж эхлэхгүй байж мэдэх байсан.
Хэргийг үйлдсэн дөрвөн албан хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан бөгөөд 23-34 насных. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ба ял эдэлж байгаагүй. Нэг нь бүрэн дунд боловсролтой, гурав нь дээд боловсролтой. Мөн нэг нь гэр бүлтэй.
Улмаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.