
Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн Ерөнхий Газар шалгаж байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандив тусламжийн мөнгөөр олон улсын бооцоот тоглоомын сайтад цахим мөрийтэй тоглоом тоглосон нөхцөл байдал тогтоогдсон байна.
Цахим орчинд 2024 оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардалд хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 2500 орчим иргэнээс 5,000-500,000 хүртэлх хэмжээний төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.