
Бүгд Найрамдах Перу улсын Ерөнхийлөгч Дина Болуарте хамартаа гоо сайхны мэс засал хийлгэж, Rolex брэндийн үнэтэй бугуйн цаг, үнэт эдлэл авч, ерөнхийлөгчийн албан ёсны унаагаар хууль сахиулагчдаас зугтаж явсан улс төрчийг тээвэрлэсэн зэрэг хэргээр Перугийн Ерөнхий прокурорын газарт шалгагдаж байна.
Ерөнхийлөгч Д. Болуартег өмнөх төрийн тэргүүн Педро Кастильог албан тушаалаасаа огцорсны дараа 2022 оны 12-р сард болсон иргэдийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарсан, уг жагсаал цуглааны үеэр 60 гаруй хүн амиа алдсан хэргээр шалгаж байгаа ч 2023 оны зун хамартаа гоо сайхны мэс засал хийлгэсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, уг мэдээлэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болоод байна. Д. Болуарте гоо сайхны мэс засал хийлгэхийн тулд хоёр долоо хоног ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд мэс засал хийлгэх гэж буй талаараа конгресст мэдэгдэж, албан ёсоор чөлөө аваагүй. 2024 оны 3-р сард цагдаа нар Д. Болуарте хууль бусаар хөрөнгөжсөн мөн тансаг зэрэглэлийн хэд хэдэн бугуйн цагаа хэрхэн авснаа нотолж чадахгүй байсантай нь холбоотойгоор гэрт нь нэгжлэг хийсэн юм.
Ерөнхийлөгч Д. Болуарте хамрын мэс засал нь эмчийн заалттай байсан харин тансаг зэрэглэлийн цаг, үнэт эдлэлүүдээ зээлээр авсан хэмээн мэдэгджээ. Перугийн улс төрийн амьдралыг сайн мэддэггүй хүнд бол төрийн тэргүүн нь ийм төрлийн хэрэгт холбогдсон нь цочирдом байж болох ч 21-р зуун гарснаас хойш Перугийн 7 ерөнхийлөгч авлига эсвэл хүний эрхийн зөрчлийн хэргээр яллагдагчаар татагдаж,зарим нь ял шийтгэлээ хэдийн хүлээгээд байгаа юм. Сүүлийн 7 жилд Перу улс таван ерөнхийлөгч солиод байгаа ба Д. Болуарте Перугийн 6 дахь ерөнхийлөгч юм. Олон улсын авлигын төсөөллийн индексээр Перу нь 180 улсаас 127-д жагсаж байгаа юм.