
Монголын оюутны спортын холбооноос 2025 онд спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 03 сарын 9-наас 05 сарын 11 -ний хооронд явуулж, дүнгээ гаргалаа. Энэ 2025 оны оюутны УАШТ-ий хөтөлбөрт волейбол, гандбол, жүдо бөх, модон бөмбөг, сагсан бөмбөг 3х3, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисийн спортын төрлүүд орсон.
Арван төрлөөр явагдсан тэмцээний зорилго нь оюутны дунд Универсиадын үзэл санааг дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, оюутны бие бялдрын хөгжлийг дэмжин, спортын ур чадварыг сайжруулах, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны зуны Универсиад XXXIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулахад чиглэгдсэн юм.
Тэмцээнд их, дээд сургуулийн аваргын анхан шатны тэмцээнээс шалгарсан 26 их, дээд сургуулийн 1226 оюутан тамирчид, 150 гаруй багш, дасгалжуулагч нар оролцлоо. Оюутны 2025 оны УАШТ-д оролцсон их дээд сургуулийн багийн нэрийг дурдвал “Аварга” дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль, Глобал удирдагч дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, Идэр их сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, Мандах их сургууль, Мон-Алтиус дээд сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Монгол Хятадын хамтарсан олон улсын дээд сургууль, “Оточ манрамба” их сургууль, “Рояаль” олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Техник, технологийн политехник коллеж, Төмөр замын дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Шихихутаг их сургууль, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн баг тамирчид байв.
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2025 оны 10 төрлийн спортын тэмцээний нэгдсэн дүнг спортын төрөл бүрд эзэлсэн байрыг бага онооны системээр дүгнэн үзэхэд нэгдүгээр байрыг 39 оноотой Монгол Улсын гавьяат багш М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус дээд сургуулийн баг тамирчид эзэлсэн байна. Хоёрдугаар байрт 50 оноотой доктор, профессор Т.Намнан захиралтай Шинжлэх ухаан технологийн их сургуулийн баг шалгарлаа.
Гуравдугаар байрт адил 56 оноогоор хоёр сургуулийн баг шалгарсан боловч олон төрөлд тэргүүн байр эзэлсэн онооны чанарын үзүүлэлтээр шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг тамирчид III байрт шалгарсан байна. Харин дөрөвдүгээр байрт ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Н.Ням-Осор захиралтай ,“Их засаг” олон улсын их сургууль орлоо. Харин айргийн тавдугаар байрыг цагдаагийн хурандаа, доктор, профессор О.Зоригт захиралтай Дотоод хэргийн их сургууль эзэллээ. Спортын бүх 10 төрөлд баг тамирчдаа идэвхтэй хамруулсан эдгээр таван их дээд сургуулийн удирдлагуудад Монголын оюутны спортын холбооны хүндэт өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалийг гардуулан өглөө.
Оюутны 2025 оны УАШТ-ийг Монголын жүдо бөхийн холбоо, Монголын волейболын холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гандболын холбоо, Монголын модон бөмбөгийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын хөл бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын шатрын холбооны мэргэжлийн шүүгч, зохион байгуулагч нартай Монголын оюутны спортын холбооноос хамтран зохион байгууллаа. Оюутны 10 төрлийн тэмцээнийг явуулахад спортын заал танхимаар ДХИС, Мон–Алтиус ДС, МУБИС, МУИС, Сити ИС, ҮБТДС, МХБХ-ны удирдлага ханган, хамтран ажилласан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО