
Монгол Улсын биеийн тамир, спортын тухай хууль нь 2024 онд шинэчлэгдсэн. Уг хууль нь биеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах зорилготой бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн билээ.
Шинэ хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт орсон гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж буй.
Ингэхдээ идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн гэдгийг хэлж байгаа юм.
- Мөн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болж байна. Спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод нь олгохоор өөрчилжээ.
- Нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс спорт клубуудыг дэмжих, магадлан итгэмжлэгдсэн бол Биеийн тамирыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Орон нутгийн биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгохоор боллоо.
- Сум, хороодод орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллаж биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлнэ, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх зэрэг чухал заалтууд орлоо.
Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, Биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.
Биеийн тамир, спортын тухай шинэ хууль нь:
- 8 бүлэг
- 41 зүйл
- 140 хэсэгтэй
- 229 заалттай
Мөн 2017 оны хууль дээр 3 бүлэг, 12 заалт, 161 заалт шинээр нэмэгджээ.
Биеийн тамир, спортын салбар нь 2003 онд бие даасан хуультай болсон бөгөөд салбарын хуулиараа биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн юм.
Хамгийн гол нь шинэчлэгдэн баталсан Биеийн тамир, спортын тухай хуулиндаа зарим зүйл заалт нь алдаа, дутагдалтай гэдгийг спортын салбарынхан хэлж буй.
Тухайлбал, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1. улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх; гэж заасан хэдий ч “Үндэсний шигшээ багийн журам батлах тухай” гэдэг зохицуулалт нь дутуу орхигдчихсон гэв.
Гэсэн мөртлөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дээр эрх үүргийнхээ хувьд “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-т заасны дагуу журмаар ажиллана гэчихсэн. Иймээс уг хуулийн зүйл заалт нь буруу алдаатай учраас журмаа батлаад ажиллаж болохгүй байгаа” гэлээ.
Ингээд Үндэсний шигшээ баг дээр тавигдах шалгуур үзүүлэлт гэдгээр батлаад хуучин байсан спортын төрлүүдийн багуудтайгаа хамтран ажиллаад явж байгаа.
2025 онд спортын салбарт зориулан батлагдсан төсвийнхөө хүрээнд шигшээ багуудтайгаа хамтран ажиллах гэрээгээ байгуулаад үүний дагуу цалин мөнгөө өгөөд, арга хэмжээний зарцуулалтаа олгоод явж байгаа гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны захиргаанаас мэдээлж байна.
Тэгвэл эцсийн дүндээ 2024 онд биеийн тамир, спортын салбарт 40 тэрбум төгрөгийг олимптой жил хэмээн төсөвлөн баталж байжээ. Харин энэ онд салбарын төсөв буурснаар төсөв мөнгөндөө тааруулан, Үндэсний шигшээ багаа цалинжуулж, холбогдох зардлыг зарцуулж буйг хэллээ.
2025 оны 04 дүгээр сарын эхэн үед Үндэсний шигшээ багийнхан авч чадаагүй байсан оны эхний гурван сарынхаа цалин цавуутайгаа золгож, хоногийн хоол, өдрийн талхаа ар гэртээ залгуулжээ.
Гэхдээ цаашид Үндэсний шигшээ багийн санхүүжилтээ мартаж, шинэчлэн баталсан хуулийн зүйл заалтнаас шалтгаалан тэд цалин нь тасрахгүй гэсэн баталгаа алга…
Монгол Улсын биеийн тамир, спортын салбарт 2025 онд 304 сая төгрөгийг төсөвлөжээ