
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын дарга БНСУ-д зорчихоор виз авсан Монгол иргэд тус улсын хил дээрээс олноороо буцаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар хөндлөө.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Сүүлийн үед зөрчил гаргах тоо нэмэгдсэн. Covid-19 цар тахлаас хойш БНСУ-руу зорчих хөдөлгөөн ихэссэн. БНСУ-д одоогоор Монгол Улсын 60 мянга орчим хүн ажиллаж, сурч байгаа. БНСУ хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг буцаах компанит ажлыг сүүлийн хоёр жил хийж байна. Үүнтэй холбоотой манай талын иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй байна. Бөглөсөн материалаасаа өөр зүйл ярих, очих хаягаа мэдэхгүй, буцах хаягаа мэдэхгүй гэх мэт байдлаас нь хууль дүрэмд нийцэхгүй, шаардлага хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал байгаа. 2025 он гарснаас хойш манай яаманд албан ёсоор гомдлоо гаргасан гурван иргэн бий. Энэ гурван иргэний асуудлыг Солонгосын талд тавихад манай консулын хэлтсийн ажилтныг дуудаад тухайн нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж, эрх нь зөрчигдсөн эсэх дээр хоёр талтай зүйл ярьж байгаа” гэв.