
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.05.14/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон бөгөөд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг тогтоолын төсөлд тусгажээ.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгааг онцолсон. Тэрбээр, энэ бодисыг хэрэглэгчдийн 50 орчим хувь нь 18-25 насны залуус байгаа нь нийгэмд учирч байгаа том аюул гэдгийг тодотгоод, энэ төрлийн бодис, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд Улсын Их Хурал анхаарал хандуулан ажиллах учиртай гэлээ.
Хар тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж буй нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний анхаарал татсан асуудал учир Засгийн газарт хугацаатай үүрэг чиглэл өгөх долоон заалт бүхий тогтоолын төслийг боловсруулсныг мөн дурдсан юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа.