
Ажил эрхлээгүй байхад нь хоёр эмчид 41.4 сая төгрөгийн цалин олгосон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Э-д холбогдох шүүх хурал 2025.05.12-нд болсон байна.
Хэргийг сануулбал,
Баянзүрх дүүргийн … хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга буюу нийтийн албан тушаалтан Н.Э Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан А.Б-г дадлагажигч эмч, ЭМН ажилтнаар тус, тус томилон ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24,514,596 төгрөгийн цалин олгож, бусдад давуу байдал бий болгожээ. Мөн тус өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмч Э.Б-г хөдөлмөр эрхлээгүй байхад нь 16,918,219.15 төгрөгийн цалинг олгохоор шийдвэрлэн, тус цалингаас 13,308,999.15 төгрөгийг шилжүүлэн авч, 3,609,220.00 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байна.
Шүүхээс ямар шийдвэр гаргав?
Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Н.Э-г үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлахаар болжээ.
Мөн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Э-ээс 2,808,999 төгрөгийг, ажил эрхлээгүй хэр нь цалин авсан А.Б-ээс 24,514,596 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь ээ.
Түүнчлэн АТГ-ын барьцаа, хохирлын дансанд Э.Б-гийн байршуулсан 3,609,220 төгрөг, Н.Э-ийн байршуулсан 9,000,000 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн барьцааны дансанд Н.Э-ийн байршуулсан 1,500,000 төгрөгийг тус тус хохиролд тооцуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн төвийн дарга Н.Э-ийг эмнэлгийн яаралтай тусламж авах, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон байна. Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих аж. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавих нь ээ.
Тэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй.