
Улс эх орныхоо ирээдүй хойч нь хүүхэд багачууд, тэр дундаа залуучууд. Тэд мэргэжлээрээ суралцаж, төгсөөд төрсөн нутаг орноо зорин, тэнд ажиллаж амьдармаар байдаг ч нийгмийн асуудал тулгамддаг. Хамгийн гол нь орон нутагтаа ажиллах амьдрах хүсэл сонирхолтой ч амьдрах орон сууц, ажлын байр хомс байдаг гэдгийг үргэлж л тэд хэлдэг, ярьдаг.
Иймээс залуу үеийн төлөөлөл орон нутагтаа ажиллаж, амьдрахад төрөөс нийгмийн бодлогоор дэмжиж өгөхийг дуу нэгтэйгээр хэлдэг. Ингээд бид төрөөс залуу үеэ хэрхэн дэмжих, цаашид ямар бодлогоор шат дараалалтай ажил хэрэгжүүлэх талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинтой цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Монгол Улс залуучуудын бүр цаашлаад салбар яамтай болсон. Харин улс эх орныхоо залуусын ирээдүйн төлөө ямар хөгжлийн бодлогыг тодорхойлж ажиллах вэ?
-Залуучуудын салбарын хувьд шинэ яам байгуулагдлаа. Залуучуудын асуудлыг бүрэн хариуцсан бодлогын яамны хувьд дандаа аль нэг яамны хавсарга бодлого болж гарч ирж байсан. Тэгэхээр энэ удаагийн Засгийн Газарт залуучуудын асуудлыг бид нар илүү анхаарлын төвд болгох ёстой гэдэг үүднээс тусгайлан яамтай орж ирсэн. Энэ хүрээндээ бид нар 2028 он хүртэлх залуучуудын хөгжлийн бодлогоо тодорхойлоод дээрээс нь хөтөлбөрөө тодорхойлсон байгаа. Үүнийг бид нар нэлээд хэд хоногийн өмнө яг говийн бүсийнхээ залуучуудтай хэлэлцүүлсэн байгаа.
Ер нь бол залуучуудаас гарч ирж байгаа саналуудыг дүгнэхэд маш бодитой саналууд гарч ирсэн. Хөдөө орон нутагт ирж амьдрахдаа бизнес эрхлэх боломжийг хангах, цаашлаад хөдөлмөр эрхлэх, орон сууцжуулах энэ боломжуудыг хангах талаар санал гарч ирсэн.
Бидний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ асуудал дээр ажиллаж байгаа.
-Аливаа улс орны нэрийн хуудас бол спорт байдаг. Спорт тэр дундаа нийтийн биеийн тамирыг салбарын бодлогоор хэрхэн дэмжих вэ?
-Спортын салбарын хувьд энэ салбарыг бид нар дөрвөн чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй хэмээн харж байгаа.
Нэгдүгээрт бид нар мэргэжлийн спорт буюу хамгийн гол шигшээ багтай холбогдуулан өндөр зэрэглэлийн тамирчдыг хэрхэн Олон улсын түвшинд зөв оролцуулж, үүгээрээ дамжуулан Монголын нэр хүндийг дэлхий дахинд нэмэгдүүлэх вэ. Мөн нэмээд үүгээр дамжуулан залуучуудыг хэрхэн спортод дуртай болгох вэ гэдэг дээр анхаарч байгаа.
Хоёрдугаарт бид нар спортын эдийн засаг дээр анхаарч байгаа. Үүнийг тодруулбал, мэргэжлийн спортыг хэрхэн бид нар хөгжүүлж авах вэ? Тэр дундаа үзэгчдийг хэрхэн хөгжүүлж авч явж, дээрээс нь спортоор дамжуулан тамирчид маань өөрөө хэрхэн эдийн засгийн эргэлтэнд орох вэ гэдгийг бид нар анхаарах ёстой гэж үзэж байна.
-Яг тодруулбал ямар хөтөлбөр боловсруулан, хэрхэн ямар чиглэлээр ажиллах вэ?
-Бид нар мэдээж үндэсний спортоо зөв хөгжүүлж авч явах ёстой. Үндэсний спортыг бид нар мэргэжлийн спорттой харьцуулж явах юм уу эсвэл өв соёл гэдгээрээ хөгжүүлж авч явах юм уу гэдэг дээрээ анхаарах нь чухал гэж харж байгаа. Дараагийн нөгөө зүйл нь бид нар залуучууддаа хэрхэн амьдралын зөв хэв маягийг биеийн тамир спортоор дамжуулан түгээх вэ гэсэн ийм дөрвөн чиглэлээр Олон улсын нэвтрүүлдэг энэ хөтөлбөр төлөвлөгөө дээр суурилан ажиллаж байна. Үүнийгээ хийж хэрэгжүүлэхдээ бид нар Олон улсын томоохон зөвлөх үйлчилгээний багуудтай хамтраад хийж байгааг дуулгая.
-Ярилцсанд баярлалаа.