
Хурц шүд, мангас төрхтэй өхөөрдөм аксессуар болсон уг тоглоомыг Labubu гэж нэрлэдэг. Хонгконгын уран бүтээлч Касинг Лунг 2015 онд “The Monsters” нэртэй цувралынхаа хүрээнд Labubu-г анх танилцуулснаар тоглоом сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн юм.
Харин сүүлийн жилүүдэд Labubu-ийн эрэлт эрс нэмэгдэх болсон нь BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса өөрийн Instagram хуудсаар дамжуулан хувийн Labubu цуглуулгаа хуваалцсантай холбоотой. Үүний дараагаар уг тоглоом Хятадын “Pop Mart International” компанийн хамгийн эрэлттэй коллекцийн нэг болон хувирчээ.
Labubu тоглоом нийт 300 гаруй төрөлтэй хэдий ч тооны хязгаартай худалдаалагддаг тул өндөр эрэлттэй, богино хугацаанд борлуулагддаг тоглоом болж чадсан байна. Мөн Labubu тоглоомууд нь ихэвчлэн blind box буюу дотор нь ямар загвар байгааг урьдчилан мэдэх боломжгүй байдаг учраас хүмүүсийн сонирхлыг улам бүр татдаг. Labubu зөөлөн тоглоомыг хувцас болон цүнхэндээ зүүж гоёдог бөгөөд Парисын загварын долоо хоног дээр хүртэл харагдсан байна.
Labubu нь Азийн хэд хэдэн улсад 13-16 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байсан бол АНУ-ын зарим нэг онлайн худалдааны платформ дээр 90 ам.доллар хүртэлх үнээр зарагдаад эхэлсэн юм.