
БНСУ-ын хил дээрээс буцсан найман иргэн Гадаад харилцааны яаманд гомдол хүргүүллээ.
Энэ талаар ярихдаа, “Миний хувьд нөхрийнхөө биеийг үзүүлэх зорилготой Солонгосын виз мэдүүлсэн. Ингээд бид хоёрын виз 20 хоногийн дараа гарсан юм. Таван сарын 12-ны нислэг авч, Инчеоны нисэх буудал дээр буун, шалган нэвтрүүлэхээр гарсан. Намайг гарсны дараа нөхрийн маань бичиг баримтыг шалгасан. Бид хоёрын бичиг баримт, буудаллах газар гэх мэт зүйлс яг адилхан. Гэтэл нөхрийг маань шалгаад, хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг дуудсан. Ингээд нэвтэрсэн хилээр буцаж гаргаад, өрөөнд оруулсан. Надтай хамт нислэгээр очсон найман иргэнийг тухайн өрөөнд оруулсан. Тэнд ямар ч орчуулагч байхгүй. Биднийг хамгаалах хэн ч байгаагүй.
Ингээд БНСУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд хандан хүний эрх зөрчигдсөнтэй холбоотой гомдол хүргүүлж байна. Учир нь миний утсыг зөвшөөрөлгүй булааж авсан. Цүнхэнд байгаа мөнгийг тоолуулсан. Данс шалгана гэж хэлсэн. Тэнд байсан найман хүн ямар шаардлагаар буцаж байгаагаа хэн нь ч мэдээгүй” гэлээ.