
Нийтлэлч Оргилмаа
-Замгүй, зогсоолгүй, ангилалгүй тээврийн хэрэгслүүд нэмэгдсээр байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж байна-
Монголчууд скүүтер, суррон гэдэг тээврийн хэрэгсэлтэй болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Ялангуяа сүүлийн таван жилд хэрэглээ эрс нэмэгдэж, эдгээр шинэ тээврийн хэрэгслүүдийн улмаас гарсан осол гэмтлийн тоо 600 дөхөж бүртгэгдсэн байна. Тэр тусмаа сүүлийн хоёрхон жилийн доторх осол гэмтлийн тоо өмнөх жилүүдийнхээсээ 4-5 дахин өслөө. Энэ байдал шинэ тээврийн хэрэгслүүдээ хэрхэн зохицуулах хуулиа хурдан батлахыг шаардаж байна.
Дэлхийн бусад оронд эдгээр шинэ тээврийн хэрэгслийг хэрхээн зохицуулсан талаарх хууль, журмуудыг судлахад эрүүл, аюулгүй орчин гэдэг талаас нь голлон анхаарахаас гадна хүний эрхийг дээдэлсэн байдаг. Манайд ч мөн энэ жишгээр хуульд тусгаж оруулахаас өөр гарцгүй.
Эрх зүйн тогтолцооны хувьд манайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж байна. Одоогоос арван жилийн өмнө буюу 2015 онд талийгаач Г.Батхүү агсны санаачилж батлуулсан хууль нэлээд өөрчлөлт шинэчлэлт орсон сайн хууль болсон. Энэ хуульд “Замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна” гэж заасан байдаг. Дараа нь 2018 онд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилж баталсан. Монгол Улсад өнөөдөр мөрдөж буй хууль, Замын хөдөлгөөний дүрэмд мопед, мотоцикль хоёрыг л багтаасан байдаг. Өнөөх улам өсөн нэмэгдээд буй сурроныг мотоцикль, скүүтерийг мопед гэж үзээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ерөөсөө ингэж явж ирсэн. Тэр итгэл үнэмшлээрээ өнгөрсөн хоёрдугаар сард “Авто тээврийн хэрэгслийн ангилал” гэдэг стандартыг шинэчлэн батлахдаа мопед гэдгийн хаалтан дотор цахилгаан скүүтерийг оруулсан. Эдгээр хууль, дүрэм, журмууд бодит байдал дээр шаардлага хангахгүй байна.
Тээврийн цагдаагийнхан энэ талаарх хууль, журмыг боловсруулахаар замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашиг, бодит хэрэглээнд нийцэхгүй байна. Учир нь, одоогийн болон цаашид өсөн нэмэгдэнэ гэсэн судалгааны үр дүнд тулгуурлахын оронд яавал торгох вэ, хориглох вэ гэсэн эрмэлзэл давамгайлж харагддаг. Гэтэл бодит байдал дээр нэг сая гаруй хүн амтай, метро байхгүй, түгжрэл ихтэй энэ хотод цаашид суррон, скүүтер хэрэглэгчийн тоо улам нэмэгдэхээр байна. Үүнийг хориглох аргагүй. Тийм учраас нөхцөл байдлаа өнөөдрийн болон ирээдүйн түвшинд зөв тодорхойлж, суррон, скүүтер улам өсөн нэмэгдсэн тохиолдолд хэрхэн хүн амаа эрүүл, аюулгүй, тав тухтай, хамгийн гол нь хүний эрхийг зөрчихгүйгээр зорчуулж, түгжрэлийг даван туулах зөв менежментийг бий болгох вэ гэдэг нь энэ хуулийн зорилт юм.
Сүүлийн үед энэ талаар дүүрэг тус бүр өөр өөрийн журам боловсруулж эхэллээ. “99 ханлиг” гэдэг шиг, “14 хот” гэдэг шиг дүүрэг бүр суррон, скүүтерийн журамтай болох нь. Тэгэхдээ, тэр нь олон нийтэд аль болох таалагдахуйц байхыг эрмэлзсэн, суррон, скүүтерээр зорчигчдын эрхийг хаасан, хориглосон агуулгатай байх боллоо. УИХ-ын даргын хэлээд байгаачлан “хуулиасаа давсан журам” улам нэмэгдэх нь. Энэ бол ийм хууль гаргах болж буй гол үндэслэл. Ингээд “хууль хаана явааг” хайж үзлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байгаа аж. Мөн УИХ-ын даргын захирамжаар 2024 оны есдүгээр сарын 5-нд Ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг өнөөдрийг хүртэл хэд хэдэн удаа хуралдаж ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ болон цахилгаан дугуй /суррон/ худалдан борлуулагч “Суррон Монголиа” ХХК, цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Жэт шаринг” ХХК, “Ви Эм Си” ХХК, “Эко баяк” ХХК зэрэг ААН-ийн удирдлагуудыг оролцуулан мэдээлэл, санал солилцжээ.
Мөн Европын холбооны нийт 27 орны эрх зүйн зохицуулалт, 4-5 орны хуулийг харьцуулан судалжээ. Тэдгээр орны энэ чиглэлээр хийсэн эрх зүйн зохицуулалтын нийтлэг тал нь тулгамдсан асуудлаа ойлгочихсон, тэрхүү бодит байдалдаа үндэслэн зохицуулалт хийжээ. Эдгээрээс хамгийн ойр, ижил төстэй талуудтай гэдгээр нь Казахстаныг авч үзэхэд, тус улс 2023 оны зургаадугаар сард хуулиа батлаад 2024 оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Наад зах нь, хуульдаа маш энгийн тодорхойлжээ. Жишээ нь, “цахилгаан скүүтер гэж нэг хүн тээвэрлэх зориулалттай, суудалгүй, 25 км/цагаас ихгүй хурдтай байх” гэж тодорхойлсон байна. Гэтэл манайд давхарлаж зорчдог, хурд тохируулдаггүйгээс болж осол гэмтэлд өртөх эрсдэл түгээмэл. Үүнийг ийм амархан, тодорхой заачихсан байгаа юм. Тэгээд үүнийгээ явган хүний зам дээр 5 км/цагаас ихгүй хурдтай байхыг зөвшөөрнө гэжээ. Үүнийг нийлүүлэгч, импортлогч компаниуд хариуцдаг аж. Манайд одоогийн байдлаар гурван компани цахилгаан дугуй, скүүтер импортолж байна. Жишээ нь “Жет шаринг” л гэхэд Казахстаны франчейзер бөгөөд тухайн улс орондоо боломжийн нэр хүндтэй, одоогоор “станы” хэдэн орондоо нийлүүлчихдэг, өөрөөр хэлбэл энэ талаар эрх зүйн зохицуулалтгүй орнуудад нийлүүлээд байгаа бололтой юм.
Шинээр батлуулахаар зэхэж буй хуулийн төсөлд ямар зохицуулалтуудыг тусгах вэ гэхээр юуны өмнө шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслүүдээ тодорхой ангилалтайгаар хуульд тусгах юм. Тухайлбал, “цахилгаан скүүтер”, “цахилгаан дугуй”, “хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллуудыг шинээр тусгаж, эдгээрийн хурдны дээд, доод хэмжээ, жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан техникийн шаардлага, зорчих зам, жолоодож болох насны хязгаар, жолоочийн үүрэг, хориглох зүйлсийг тодорхой зааж хуульчлан баталж мөрдүүлэх юм. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц асуудлыг хуульчлах аж.
2024 оны эхний долоодугаар сард авсан байдлаар сүүлийн таван жилийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээс харахад цахилгаан скүүтер, сурронтой явж байгаад гарсан осол аваар, гэмтлийн тоо 584 бүртгэгджээ. Насны бүлгээр нь харахад 10-19 насныхан байгаа юм. Сүүлийн хоёр жилийн тоог харахаар энэ тоо эрс өсөж байна. Жишээ нь гэмтэл ослын тоо 2021 онд 20 байсан бол, 2022 онд 50, 2023 онд 274 болж огцом 4-5 дахин өсөөд, 2024 онд 170 осол гэмтэл бүртгэгджээ.
Хэн нэгэнд хариуцлага тооцох гэхээр тээврийн хэрэгслийн ангилал нь Монгол Улсын ямар ч хууль, дүрэмд бичигдээгүй. Замын хөдөлгөөний дүрэмд ийм ангилал байхгүй учраас мопед гэдэгтээ оруулчихсан. Гэтэл мопед гэдэг нь 50 км/цагаас ихгүй хурдтайг хэлнэ. Ер нь манай тээврийн хэрэгслүүдийн ангиллын хамгийн гол үзүүлэлт хурдны хязгаарлалт байдаг. Мотоцикль бол мопедоос илүү хурдтай буюу 50 км/цагаас дээш хурдтай байж таарч байна. Мотоциклийг 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн унаж болдог. Гэтэл скүүтер нь бусад улсын хуульчлаад, ангилал тодорхой болоод байгаагаар бол 25 км/цагаас ихгүй хурдтай байх гэсэн тодорхойлолттой. Манайд яаж 50 км/цагийн хурдтай скүүтерийг мопед руу оруулж явган хүний зам дээр явуулах вэ дээ. Тиймээс бусад улс орон 25 км/цаг гэдгээр хязгаарласан. Хуулийн төсөлд “Скүүтер”, “цахилгаан дугуй” гэдгийг шинээр тодорхойлж байгаа юм. Ингээд одоо мөрдөж буй хуульд тэдгээр бичил тээврийн хэрэгслийн ангиллын тухай огт байхгүй учраас сурроныг зогсоож, хурааж аваад байгаа нь бусдын өмчид халдсан, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл болж таарч байна. Өмчлөгчийн эрхийг хуульд заасан зүйл заалтаар хязгаарладаг. Торгууль тавих нь захиргааны арга хэмжээ. Тэгэхээр хуульд огт заагаагүй байхад бусдын өмчийг хурааж, торгоод, хүний эрх, өмчийн эрхэд халдаад байж болохгүй биз дээ.
Хуульд хориглож заагаагүй эд зүйлийг хэн нэгэнд хохирол учруулахгүйгээр хэрэглэсэн иргэд буруугүй. Нийтийн эрх зүйн онолоор хориглоогүй л бол зөвшөөрсөн гэсэн үг. Зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь хувийн эрх зүйн зарчим. Энэ бол наад захын онол.
Тэгэхээр уг хуулийн төсөлд юуны өмнө эдгээр шинэ төрлийн тээврийн хэрэгсэлд ангилал байхгүй байгааг яаралтай засах шаардлагатай. Ангиллыг хуульд заагаагүй явдалд хэрэглэгч, зорчигч иргэд буруугүй. Импортолж нийлүүлж буй ААН, иргэд ч буруугүй. Цагдаад сурронтой зорчигчийг яагаад явган хүний замаар яваад байна вэ гэж буруутгах, шаардлага тавих эрх алга. Торгох санкц ч алга. Дээр дурдсан осол гэмтлийг хязгаарлах, жил бүр хэдэн мянгаар нийлүүлэгдэж буй, дэлхий нийтийн хэрэглээ болсон скүүтер, суррон, бусад шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад ч, оролцуулахгүй байхад ч хууль л хэрэгтэй. Энэ хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаа тул 2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хуулийн уг хуулийн төслийг хэлэлцээд, иргэд, олон нийтийн саналыг авахаар d.parliament.mn сайтад байршуулаад байна. Үүнтэй танилцаж нийслэлийн иргэд, зорчигчид, хэрэглэгчид та бид саналаа өгөх боломжтой. Энэ удаад уг хууль яагаад яаралтай батлагдах шаардлагатай талаар товчхон өгүүллээ.
Дараагийн нийтлэлүүдээрээ энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа чухам ямар заалтуудыг, ямар учир шалтгаан, үндэслэл тооцоолол дээр үндэслэн тусгасан болохыг иргэддээ цувралаар танилцуулах болно.