
Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллага 2014 онд Украины Донбасст осолдсон Malaysia Airlines компанийн Boeing 777 онгоцны ослын хариуцлагыг Оросын холбооны улс хүлээнэ хэмээн албан ёсоор мэдэгджээ.
Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллага ОХУ нислэг үйлдэж буй зорчигч тээврийн онгоцны эсрэг зэр зэвсэг ашиглахыг хориглосон олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн конвенцын заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
Ирэх долоо хоногуудад Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллага ОХУ-аар уг ослын хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцэх аж.
2022 оны 3-р сард MH17 нислэгийн ослоор иргэд нь амиа алдсан Австрали болон Нидерландын эрх баригчид Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагад гомдол гаргасан ба 2024 оны 6-р сард ОХУ Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүйгээ мэдэгджээ.
Австрали, Бельги, Малайз, Нидерланд болон Украин улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын мөрдөн шалгах баг Malaysia Airlines компанийн зорчигч тээврийн онгоцыг ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчид зенит пуужингийн “Бук” цогцолбороор буудан унагасныг, мөн тус цогцолборыг тухайн үед ОХУ-аас Украины Донбасст оруулж ирээд удаагүй байсныг тогтоожээ.
Нидерландын шүүх 2022 оны 11-р сард олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Донецк улсын Батлан хамгаалахын сайд Игорь Стрелковд өөр хоёр хүний хамт санаатайгаар олон хүний амь хөнөөсөн, MH17 нислэгийн онгоцыг буудан унагасан хэргээр бүх насаар хорих ял оноосон юм.
Malaysia Airlines компанийн Boeing 777 зорчигч тээврийн ослын улмаас 298 хүн амь үрэгдсэн бөгөөд агаарын тээврийн салбарт гарсан хамгийн том ослуудын нэг болсон юм.