
Зуны улирал айлчлан ирж буйтай холбоотойгоор АНУ-д махны үүлдрийн үхрийн фьючерс, үхрийн махны жижиглэнгийн болон бөөний үнэ нэмэгдсээр байна. Энэ нь үхрийн махны эрэлт өндөр хэвээр байгаа ч махны үүлдрийн үхрийн тоо толгой сүүлийн хэдэн 10 жилийн түүхэнд хамгийн доод хэмжээндээ хүрсэнтэй холбоотой юм. Үхэр, тахиа, гахайн мах боловсруулалт болон борлуулалтаараа дэлхийд хоёрт жагсдаг Tyson Foods компанийг ч уг асуудал тойроогүй байна.
Махны үүлдрийн амьд үхрийн фьючерсийн үнэ өнгөрсөн баасан гарагт 0.2 хувиар өсөж, 454 гр нь $2.15 буюу 7680 төгрөг болж, рекорд тогтоожээ. Америкийн санхүүгийн дата болон программ хангамж боловсруулагч FactSet компанийн судалгаагаар амьд үхрийн фьючерсийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22 хувиар өсөж, зах зээлийн хамгийн эрэлттэй барааны нэг болоод байгаа аж.
Ирэх саруудад үхрийн махны үнэ буурахгүй бөгөөд Rabobank компанийн махны үүлдрийн малаар мэргэшсэн ахлах шинжээч Лэнс Циммерманы ярьснаар энэ нь америкчуудын хувьд ил гал дээр мах шарах улирал эхэлж буйтай холбоотой аж.
Түүний хэлснээр махны жижиглэнгийн худалдаачид болон нийтийн хоолны салбарынхан махны эрэлт өндөртэй улирал ойртож байгааг андахгүй аж. Америкчуудын хувьд ил гал дээр мах шарах улирал 5-р сарын сүүлээр болдог Ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх өдрөөс 7-р сард болдог Тусгаар тогтнолын өдрийг дуустал үргэлжилдэг байна.
АНУ-д махны үүлдрийн үхрийн тоо толгой сүүлийн хэдэн 10 жилд байгаагүйгээр буурч, үхрийн махны үнэ нэмэгдэхэд хүргэжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 454 гр үхрийн машиндсан махны үнэ 13 хувиар өсжээ. Түүнчлэн үхрийн махны бусад төрлүүдийн үнэ 2020 оноос хойш тасралтгүй өссөөр байгаа аж.
Өнгөрсөн 1-р сард АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр АНУ дахь үхрийн тоо толгой 86.7 сая хүрсэн нь 1951 оноос хойших хамгийн доод үзүүлэлт аж.
Мах бэлтгэн нийлүүлэгчид үнийн өсөлт болон сөрөг маржинтай нүүр тулаад байна. 2025 оны 2-р улиралд үхрийн мах бэлтгэн нийлүүлэх ажиллагаандаа 460 сая ам.доллар зарцуулсан Tyson Foods компанийн санхүүгийн тайландаа 2025 оны 2-р улиралд тус компани үхрийн махны салбартаа 258 сая ам.долларын алдагдал хүлээсэн болохоо тусгажээ.
Tyson Foods компани үхрийн мах бэлтгэн нийлүүлэх салбар зах зээлийн маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байгаагаа онцолж, махны үүлдрийн үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх нь эерэг үр дагаврыг дагуулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Нөгөө талаас үйлдвэрлэгчид үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүллээ гэхэд тугалууд өсөж, нас бие гүйцэх хүртэл багадаа 18-24 сар шаардлагатайг онцолжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр үхрийн тоо толгой цөөрсний ачаар 2025 болон 2026 онд үхрийн болон тугалын мах бэлтгэн нийлүүлэх салбарынхны ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байгаа аж.