
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны долдугаар сарын тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргаж, тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон бол УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, О.Болормаа, Б.Жаргалсан, С.Зулпхар, М.Нарантуяа-Нара, О.Пүрэвдаваа нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Улмаар гаргасан санал дүгнэлтээ намрын ээлжит чуулганаар танилцуулах үүргийг өгчээ.
Тус Ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгаас тодрууллаа.
- Ажлын хэсэг Стратегийн ордуудын аль ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох дүгнэлт гаргах вэ?
Стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг УИХ–д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай гэсэн. Тэгэхээр энэ тогтоолын дөрөвдүгээр хэсэг дээр л ажлын хэсэг гарч байна.
Тэгэхээр энэ 4 ордын төрийн эзэмших хувь хэмжээг яаж тогтоож байгаа юм, энэ хувь хэмжээгээ ямар аргаар эзэмших юм бэ гэдгийг санал дүгнэлт гаргах ийм ажлын хэсэг байгуулагдаж, Миний бие ахлан ажиллах юм. Заагдсан 4 ордын бүх л асуудлыг анхнаас нь бүгдийг нь санал дүгнэлтээ гаргаад л явна гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын гэрээнээс нь эхлээд өнөөдрийг хүртэл ямар процесс явсан. Эдийн засгийн үр өгөөж зэргийг 4 ордууд дээр санал дүгнэлтээ гаргана. Ашигт малтмалын тухай хуулиараа олгочихсон эрх хэмжээ байгаа. Тэр эрх хэмжээнийхээ хүрээнд бид төрийн эзэмшлийнхээ хувь хэмжээг хэрхэн тогтоохыг тодорхой болгох юм.
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар…?
Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүн бол нийтлэгээр нь харах юм бол дандаа анх сонгогдсон гишүүд байгаа. Тэгэхээр ямар нэгэн ашиг сонирхлын хамаарал ээрх ордууд дээр байхгүй.
- Орд болон түүхий эдийн аль нь Стратегийн ач холбогдолтой гэх агуулгыг бид харгалзан үзэж байна вэ?
Стратегийн гэдэг нь бол тухайн ордоос гарч байгаа бүтээгдэхүүнээрээ ярьж болно. Зэвсэглэлд ашиглах магадлалтай уран гэж ярьж болно. Эдийн засгийн үр өгөөжөөрөө стратегийнх гэж ангилж болно. Тэгэхээр стратегийн гэдэг үгээ бид тайлбарлахдаа Үндсэн хуульд байгаа Монгол Улсын газар доорх баялаг бол бүх ард түмний өмч гэдэг.
Энэ бүх ард түмний өмч болох ёстой ордууд бол эдийн засгийн утгаараа, геополитикийн утгаараа төрийн эзэмшлийн хувийг л тогтоож ард түмэндээ баялгийн тэгш хуваарилалтыг хийх юм.
Өнгөрсөн хугацаанд маш олон маргаан дагуулдаг Оюу Толгойн гэрээ ашигтай юу, ашиггүй юу, Тавантолгойн Ухаа худагийн орд 34% нь Монголд байх ёстой юу, Цагаан суварга стратегийн орд юм бол бид хувь эзэмших ёстой юу гэх мэт асуудлыг ярьдаг.
Энэ бол зайлшгүй хариулах, хийх ёстой зүйл мөн. Зэс молибден гэдэг бол ойрын хэдэн жилдээ дэлхий дээр үнээ алдахгүй. Дээрээс нь нэмээд газрын ховор элементүүд байна.
Тэгэхээр энийг харахдаа бид нар нэг нь геополитикийн шинж чанартай нөгөөдөх нь бол эдийн засгийн шинж чанартай гэдгээр нь хараад эдийн засгийн шинж чанар дээрээ магадгүй нүүрсний үнэ унаж байгаа стратегийн агуулгагүй, хэрэггүй боллоо гэж харж болохгүй.
Гангийн үйлдвэрлэл дэлхий дээр явж байгаа учраас нүүрс бол стратегийн байна аа гэдэгт миний хувийн байр суурь байдаг. Эдийн засгийн үр өгөөжөөрөө Монголын ард түмэнд ямар хэрэгтэй ашигт малтмал байна түүгээр нь ангилж стратегийн гэдгийг нь тогтоох нь зүйтэй.