
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Киев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шууд яриа хэлэлцээгээ сэргээх саналыг даруй хүлээж авах ёстой хэмээн мэдэгджээ.
Тэрээр өөрийн нийгмийн сүлжээнд, “Шууд яриа хэлэлцээгээ сэргээснээр талууд энхийн гэрээ хийх боломжтой эсэхээ тодорхойлж чадна, чадахгүй бол европын удирдагчид болон АНУ нөхцөл байдал ямар байгааг тогтоож, зохих арга хэмжээг авна” хэмээн бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт Украинд 2022 оны сүүлээр тасалдсан шууд яриа хэлэлцээгээ энэ сарын 15-ны өдрөөс Станбул хотноо ямар ч нөхцөл болзолгүйгээр сэргээх санал тавьсан юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрээр, “Маргааш гэхэд талууд галаа урт хугацаагаар зогсоож, дипломат харилцааны суурийг тавина гэсэн хүлээлттэй байна. Аллагыг цаашид ингэж сунжруулах утгагүй. В. Путиныг пүрэв гарагт Туркт хүлээж байя. Энэ удаа оросууд энхийн гэрээ хийхгүй байх ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүй байх гэж найдъя.” хэмээн өөрийн Telegram сувагтаа бичжээ.
Өнгөрсөн бямба гарагт Киевт Франц, Герман, Их Британи болон Польшийн төрийн тэргүүнүүд айлчилсны дараа Украины эрх баригчид энэ даваа гарагаас буюу 12-ны өдрөөс 30 хоногийн хугацаагаар галаа зогсооход бэлэн хэмээн мэдэгдсэн билээ.