
Дэлхий хаана ч үнэ цэнээ алддаггүй, хөрвөх чадвартай, бүрэн баталгаа болдог түүхий эд бол АЛТ. АНУ-ын долларын ард ч алт баталгаа болж байдаг.
Энэ үнэт метал өнөөдөр дэлхийн зах зээл дээрх үнийн дээд амжилтаа дахин тогтоогоод байна.
Трампын тариф дэлхийн, улс орнуудын эдийн засаг, гадаад худалдаа, харилцаанд ч тогтворгүй байдал үүсгэж, улс бүр өөдрөг төсөөллөө эргэн харж, бууруулж эхэлсэн.
Манай улсад үүний эффект хурдтай мэдрэгдэж, Трампын тарифын эсрэг тариф тогтоосон БНХАУ-ын мөнхийн хөршийн хувьд түүхий эдээс 94%-ийн хамааралтай эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтаа хамгаалах, нэмэгдүүлэх арга хэмжээг авч буй.
Үүний хамгийн том арга хэмжээ бол АЛТ-3 хөтөлбөрийг эхлүүлсэн нь юм.
Монгол Улсын Засгийн газраас уг хөтөлбөрийг эхлүүлж буйгаа зарлан, өдөр өдрөөр үнэ нь буурч буй нүүрснээс төсөвт төвлөрүүлэхээр төсөөлсөн орлогоо хурдан хугацаанд, бас хамгийн найдвартай нөхөж болох түүхий эд бол алт хэмээн мэдэгдсэн. Энэ нь ч эрсдэлгүй, зөв шийдвэр болсон гэж эдийн засагчид үзэж байна.
Тэгвэл “Алт-3 хөтөлбөр” гэж юу вэ?
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт
“Алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барина” гэсэн зорилт дэвшүүлсэн.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрдэс баялгийн салбараас улс, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр салбарын яамнаас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх санаачилга гарган, Засгийн газраас баталсан.
Энэхүү санаачилгад алтны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн, төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагдсан бөгөөд одоогийн суурь нөхцөлийг судлан, гарах үр дүнг тооцож гаргажээ.
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах;
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хариуцлагыг нэмэгдүүлэх;
- Төрийн өмчид аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх;
- Татвар, санхүүгийн таатай орчин бий болгох.
Алтны үндсэн ордын ашиглалтыг эрчимжүүлнэ
Алтны үндсэн ордыг ашиглах нь шороон ордын ашиглалттай харьцуулахад технологийн хувьд төвөгтэй, химийн бодис ашиглах шаардлагатай, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг зэрэг онцлогтой юм.
Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн 105 ордын 572.2 тонн нөөцөөс 347.1 тонн алтны нөөц бүхий 82 алтны үндсэн ордын хүчинтэй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.
Эдгээрийн 14 нь өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээнд ашиглагдаж байгаа бөгөөд 228.7 тонн нөөц бүхий 68 орд ямар нэг хуулийн хориглолт байхгүй хэр нь эдийн засгийн эргэлтэд ороогүй байна.
Мөн, нийт 80.1 тонн нөөц бүхий 13 алтны үндсэн орд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, үлдсэн орд болон нөөц нь бусад төрлийн хориглосон, хязгаарласан талбайд хамаарч байна.
Эдгээр ордуудын нөөцийн зэрэг, технологийн шийдэл зэргийг харгалзан үзэж тодорхой ордуудыг ашиглалтад оруулахад төрөөс анхаарч шийдвэрлэснээр дунд болон урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүд бий болох юм.
Тухайлбал, Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан алтны үндсэн ордуудад нийт 93.7 тонн алтны нөөц бүртгэгдсэн байгаа бөгөөд тус ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилд дунджаар 4 орчим тонн алтыг Монголбанканд тушаах боломж бүрдэхээр байна.
Энэхүү ордууд нь дэд бүтцийг нь шийдвэрлэсэн ашиглахад бэлэн орд бөгөөд УИХ-аас уг ордуудын талбайг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлөх шийдвэр гарган, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр явуулж, шийдвэрлэснээр ашиглах нөхцөл бүрдэх юм.
Алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад химийн бодисын тусгай зөвшөөрлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын санхүүгийн баталгааг байршуулах зохицуулалтыг бий болгох, тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авах шаардлагатай байна.