
Энэ л амьдралд хүн бүр өөр өөрийн гэсэн өнгөтэй. Тэр л өөрийн онцгой өнгөөрөө гэрэлтэж амьдардаг. Монгол Улсын нэрийн хуудас болсон спортын салбарт гэр бүлээрээ зүтгэж, хөдөлмөрлөж яваа олон хосууд бий.
Тэд спортын ертөнцөөсөө зодог тайлсан үл холдолгүйгээр дараа үеийн залгамж халаагаа бэлтгэх их үйлсэд үнэт хувь нэмрээ оруулсаар л явдаг. Тэгвэл энэ удаад “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ хойморт спортын гэр бүлийн гэргий, ээж, Монгол Улсын волейболын спортын олон Улсын хэмжээний мастер Ган-Очирын Хонгорзулыг урилаа. Ингээд волейболын тамирчин бүсгүйн хүсэл эрмэлзэл, зорилго мөрөөдөл дүүрэн ярилцлагыг уншигч та бүхний өмнө дэлгэн тавьж байна.

Г.Хонгорзул: Волейболын спортын “Зогсохгүй эрч хүчтэйгээр тэмцэж буй байдал” маш их таалагдсан.


-Сайн байна уу? Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдаад бэлтгэлдээ хамрагдаад явж байна уу?
-Сайн байна уу? Өнөөдрийн байдлаар Монгол Улсын волейболын шигшээ багийн бэлтгэл эхэлсэн энд жигдрээд явж байна. 4 сарын 1-нээс бэлтгэлээ эхэлчихсэн өдрийн 2 бэлтгэл хийгээд нэлээн ачаалтай явж байна. Улсын шигшээ баг Вьетнам улсад болох ирэх 6 дугаар сарын 8-15-ны хооронд “Чалленж Кап” тэмцээнд оролцоно. Мөн 8 дугаар сард Хонконгд болох Зүүн ААШТ-д оролцох тус тус хуваарьтай байгаа.
-Дотоодын хамгийн том өрсөлдөөн Лигийн тэмцээнээс “Хөвсгөл Эрчим” багийнхан хүрэл медаль хүртсэн. Лигийн өрсөлдөөн нэлээд ширүүхэн өрнөсөн болов уу?
-Бидний хувьд хүрэл медалийг голоогүй, маш их олзуурхаж баяртай авсан байгаа. Тэгээд энэ жил шигшээ тоглолт дээр “Ховд Ижил Алтай” багтай сүүлийн тоглолтонд өрсөлдөхдөө тактикийн алдаа гараад, тэгээд ялагдал хүлээсэн. Бид хэдийгээр аваргаа хамгаалж чадаагүй ч гэсэн медаль авсан. 3 жил дараалж лигээс медаль авна гэдэг бол баг бүрт байхгүй амжилт байх гэж бодож байна.


-Анх “Хөвсгөл Эрчим” багтай хэрхэн холбогдчихов?
-Анх надад санал тавиад Хосоо бид хоёр “Хөвсгөл Эрчим” багийн тамирчдыг цуглуулсан. Гэхдээ энэ мэдээж санхүүжилт нь Хөвсгөл болон Эрчим клубээс гарч байгаа ч гэсэндээ яг тамирчны бүрэлдэхүүнийг бол найзуудынхаа бүрэлдэхүүнээр байгуулсан. Тэгээд л сайн дураараа л волейболд маш дуртай болохоороо найзууддаа хайртай болохоор ер нь өдий хүртэл явсан даа. Тэгэхдээ одоо энэ жилээс энэ багтаа тоглохгүй, 2025-2026 оны улиралд өөр багаас тоглох болов уу.
-Нууц биш бол ямар багуудаас санал ирж байна вэ?
-Одоогоор сонгоогүй байна. Өөр багуудаас санал ирж байгаа тэгээд одоогоор нэг их яарахгүй байна. Нухацтай тайван бодож байгаад зөв шийдвэр гаргая гэж бодож байна.


-Г.Хонгорзулын хувьд волеболын спортод анх хэдэн оноос хэрхэн яаж хөл тавьсан бэ?
–Хамгийн анх 2008 оноос энэ спорттой холбогдож эхэлсэн. Гэхдээ бүр илүү шимтэж бүр илүү дурлаж орсон нь 2010 оноос хойш гэж хэлж болно. Тухайн үед “Энагура” клубт ороод тэгээд өдийг хүртэл огтхон ч тасалдалгүй, волейболын спортын тогоондоо чанагдаад явж байна.
-Танай гэр бүлийн хувьд бас л спортын хүн. Мэдээж яг нэг салбарын хосууд учраас бие биенээ илүү ойлголцон дэмждэг байх?
-Тийм. Яг миний амьдралын бүх зүйл ер нь волейболтой холбоотой. Нөхөр ч тэр хүүхэд маань ч тэр тэгээд ажил төрөл бүгд л волейболтой салшгүй холбоотой. Энэ спортод гүн дурласан нь бэлтгэл дээр, талбай дээр ч зогсолтгүй их эрч хүчтэй, тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг. Бас хэн нэгэнтэй заавал барьц барихгүй, зөвхөн ер нь эсрэг багтаа гэхээсээ илүү багийнхантайгаа л илүү тоглодог.
Яг нэг талбайд байгаа хүмүүстэйгээ харьцаж тоглодог, бас бөмбөгөө газар унагалгүйгээр торны наана цаана тоглолт өрнөөд л , хэн нэгэнтэй контактгүй нэг тийм гоё онцгой болохоор тэр нь маш их таалагдсан.
-Волейболын спортоос мэдэрдэг тэр гайхамшгийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
–Волейболын спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг. Одоо би тамирчин байгаа ч гэсэн дараа нь дасгалжуулагч болоод явна. Тэгэхлээр миний амьдралд миний нэрэнд байнга холбоотой байх л зүйл.


–Хонгороогийн яг нөгөө өрсөлдөөний талбар дээр хамгийн сайн хийдэг тамирчин хүний хувьд ямар техник тактик, ур чадвар, онцгой нь юу вэ?
-Яг тамирчин хүнийхээ багаа унших, эсрэг тал эсрэг багаа унших, айлын ямар комбинац явах гэж байна. Хаашаа довтлох гэж байна, тэрийг маш сайн мэдэрдэг, одоо өөрийнхөө өнцгөөс харах юм бол тийм. Тэгээд манай баг маань уначихсан байвал сэргээх тал дээр илүү сайн, уран гоё ур чадвараар оноо авч багаа сэргээхийг хүсдэг.


-Багийн спортын төрлүүдээс волейболоор хичээллэх болсон шалтгаан түлхэц өгсөн үйл явдлаа дурсвал?
-Би орон нутгийн хүүхэд. Тэр дундаа Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынх. Хүүхэд байхад фэйсбүүк , юүтүб ч байхгүй, тийм сошиал байдаг гэдгийг мэддэг ч үгүй байсан. Тэгээд зурагтаар ч нэг их спорт волейбол сонирхоод суухгүй. Гэтэл манай багш маань бид нарыг маш их тэмцээнд авч явдаг байлаа.
Дорнодод болсон улсын аваргаар “Энагура” клубээс санал тавиад тэгээд ер нь хотод анх ирж ирсэн. Тэгээд дараа нь хотод ирсний дараагаас хамгийн анх удаа эгч нарынхаа бэлтгэлийг бэлтгэл дээр очиж сонирхож эхлээд ирж байгаа байхгүй юу. Сонирхоход бол аймаар их таалагдсан. Ингээд 3 цагийн турш тэр зааланд байнгын чимээтэй. Маш гоё өрсөлдөөн, хүчтэй, эрч хүчтэй бэлтгэл хийж байна. Зогсолтгүй үргэлжлэх тэр бэлтгэлийн маш маш их таалагдаж байлаа. Манайх 2 талаасаа бөхийн удамтай, чи яг бөх болно оо гээд л. Яалт ч үгүй волейбол миний сонирхлыг маш ихээр онцгой татсан л даа.
-Анхны тэмцээн, анхны медаль тамирчин хүнд маш том дурсамж үлдээчихсэн байдаг аа? Энэ тухайгаа сонирхуулна уу?
-2013 онд бид нар залуучуудын улсын аваргад орж түрүүлчхээд, 2014 оны хаврын тэргүүнд нь Клубүүдийн тэмцээнд анх ороод хүрэл медаль авч байсан. Тэгээд тэр тэмцээн бол маш гоё дурсамжтай.
-Арын албыг нь бат сайн даадаг гэр бүлээ танилцуулна уу?
-Манай гэр бүлийн хүнийг Мөнгөншагай гэдэг. Тэгээд би 2010 онд Улаанбаатар хотод ирээд анх 9 дүгээр ангид орж ирж байлаа. Тэгэхэд манай дээд талын ангид байсан. Манай хүн бас яг тэр үед волейбол тоглодог, сургуулийнхаа Ган зам 20 дугаар сургууль, Солонгоо багшийн шавь нар бол одоог хүртэл улсдаа дээд лигт амжилт гаргаад явж байгаа. Мөн манай хүн хөлбөмбөгийн шигшээд тоглодог байсан, Үндэсний бөхийн Аймгийн начин хүн байгаа. Тэгээд л нөхөр маань маш сайн дэмжиж байгаа болохлоор ер нь өдий хүртэл би ийм амжилттай явж байгаа.


-Хамгийн сэтгэлд нь тод үлдсэн, дурсамж бүтээсэн Багуудыг нэрлээч гэвэл аль багийг нэрлэх вэ?
-Одоогийн саяын байсан “Хөвсгөл Эрчим” баг. Яагаад гэхлээр багийн бүрэлдэхүүн миний найзууд, миний хайртай олон жил хамт амьдарч байсан, хамтдаа зүтгэж байсан тийм хүмүүс маань байсан болохоор энэ баг маань хамгийн сэтгэлд ойр. Мэдээж “Энагура” клуб бол хамтдаа амьдарч байсан 7 жилийн хугацааг хамт өнгөрөөсөн. Дотно байлгүй яах вэ.
-Өрсөлдөөний талбай дээр хамгийн гоё мэдрэмж нь юу вэ?
-Мэдээж өөрөө оноо авах бол хамгийн гоё. Жаахан байхад, оюутан байхад довтлох л хамгийн гоё байсан, довтолж оноо авах бол хамгийн гоё. Тэгээд л өөрөөрөө бахархаад л омогшоод л хоёрын хаалтын өөдөөс ч юм уу нэгийн эсрэг нэг, яг голд нь гоё хүчтэй цохих ч юм уу тэр гоё байсан. Тэгээд л мэдээж довтлох гоё мэдрэмж явсаар л байгаа юм. Тэгээд хаалт хийх мэдрэмж маш гоё болж ирсэн. Одоо бол би хамгаалах их дуртай. Хүчтэй цохиж байгаа бөмбөгийг хамгаалчхаар бүүр ингээд л, огшоод л ирдэг. Жинхэнэ нөгөө адреналин ялгарна шүү дээ. Тэгэхлээр ингээд яг тэр намайг дурлуулсан яг тэр гэж хэлэх ганцхан зүйл волейболд байхгүй. Бүх л эндээс авч буй мэдрэмж, кайф бүгд л гоё.


-Хамгийн хөгжилтэй, хамгийн мартагдашгүй дурсамжаа хуваалцана уу?
-Дорнодод очоод л сонгогдсон гээд л яриад байгаа шүү дээ. Дорнод явах гэж өөрөө хөглөсөн байхгүй юу. Манай багш, багшийн эхнэр бас багш л даа. Тэгээд хоёулаа волейболд аягүй дуртай. Бид нарыг тэмцээнд авч явахаараа хоёулаа хамт явдаг байсан юм. Хоёр багш маань нэг жижигхэн бага оврын жийптэй. Мэдээж талбай дээр 6 хүүхэд тоглоно. Гэтэл нэг тэмцээнд явах болоод 1 хүүхдийг нь үлдээх болвоо. Дорнод руу гарах гээд сургуулийнхаа гадаа ачаатайгаа цуглаж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь машинд нь нэг хүн багтахгүй, 7 хүн л тэр машинд багтаж байгаа юм. Мэдээж тэр жижигхэн машины арын суудал дээр хоёр хоёроороо давхарлаад л 200км зам туулах гээд явж байгаа юм. Тэгсэн чинь би хамгийн жижигхэн нь байсан. Тухайн үед чинь 8 дугаар ангийн хүүхэд байсан, багийн эгч нар чинь 10, 11 дүгээр ангид сурдаг. За хэнийгээ үлдээх вэ гэтэл манай багш хуруудчих, тэгээд одоо ялсан нь л явна даа гэлээ. Тэгээд би тэр эгчтэйгээ хуруудаад би ялаад явж байсан байхгүй юу. Хэрвээ тэр тэмцээнд тэгж яваагүй бол өнөөдрийн энэ “Энагура” клубийн багш дасгалжуулагч нар намайг олж хараа ч уу үгүй ч үү. Тэр бол миний хувьд маш их аз. Волейболын спорттой холбогдсон анхны түүх, бас анхны суурь болж өгсөн дөө.


-Тууштай зан чанарыг олгодог спортын ач тус тамирчны амьдралд маш их нөлөө үзүүлдэг болов уу?
-Эрч хүчтэйгээр тэмцэж байгаа байдал нь маш их таалагдсан. Ер нь би энэ волейболын спортгүйгээр ямар хүн байх байсан бол гээд төсөөлөхөөр багадаа эмч л болно гэдэг байсан даа. Гэхдээ би цахилгаан холбооны инженер мэргэжилтэй хүн.
Ярилцсандд баярлалаа.

