
Зээлийн аппликэйшнууд “борооны дараах мөөг” шиг болж байна. Маш хялбараар зээл өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь банк болон банк бусын шалгуур шаардлагаас залхаж, халгасан залуучуудыг өрийн хавханд оруулсаар байна.
Зээл авч, хэрэглээгээ хангах нь хэдийгээр хүний эрх, сонголт боловч үүний цаана ингэж их зээл тавьж хүрэлцэхгүй орлогынхоо дутсан хэсгийг хялбар, хурдан хэрнээ өндөр хүү, өрийн дарамтад оруулж байгаа төрийн шийдвэр, татвар, инфляцын дарамтаас үүдэлтэй юм.
Түүнчлэн зээлийг авагч хэсэг нь 20-45 насныхан байгаа нь ид амьдралаа бүтээн, төвхөнүүлэх насныхан байгаа нь Монгол Улсад жинхэнэ “нийгмийн хамгаалал” гэдэг зүйл байхгүй байгааг гэрчилж байна.
Энэ хэвээр үргэлжилж болохгүй, санхүү, мөнгөний боловсролыг бага нас, ерөнхий боловсролын түвшинд олгож, ухамсарт нь суулгах, мэдлэг олгох ёстой гэдгийг эдийн засагч зөвлөж байна.
Л.Оюун Эдийн засагч
“Энэнээс өөр сонголтгүй байдал Монгол Улсад бий болчихлоо л доо.
Банк, ББСБ руу ороход зээл амар өгөгдөхгүй. Яагаад гэхээр тэд нар зээл өгөхдөө орлого нь юу юм, юугаар төлөх юм гээд л асууж эхэлнэ. Асуултад хариулж байсан дор шууд нэг кноп дараад л зээлээ авчихдаг хялбар юм руу орж ирээд байна.
Хүмүүсийн хэрэгцээ өссөн байна, орлого нь хүрэхгүй байна. Угаасаа хэзээ ч хүрдэггүй, хязгаарлагдмал, хэрэгцээ хязгааргүй тэгээд өөр газраас авах боломж хязгаарлагдмал.
Аппликэйшний зээл үнэхээр хурдан хялбар байна. Бидний судалгаанд энийг хариулсан байсан. Аппликэйшний зээлийн давуу тал нь юу вэ? гэсэн чинь, Хурдан. Тэгээд л боллоо. Хамгийн их зээл авдгууд нь 20 наснаас эхэлж байх шиг байна.
Тэгээд 30, 45 нас хүртэл зээл аваад байна. Хүмүүс залуу байхдаа зүй тогтлоороо бол 20-45, 50 нас хүртэл олж байгаа орлого нь гаргаж байгаа зардлаасаа бага байдаг үе. Хүн болгон, хаа ч тийм. Сургуульд сурна, гэр бүлтэй болно, байшин савтай болно, машин тэрэгтэй болно.
Зардал ихтэй, орлого нь хүрдэггүй. Энэ үед зээл авдаг, угаасаа авч болно. Гэхдээ орлого бүтээх юманд л зээл авах ёстой. Зүгээр хоол идэх гэж, хувцас өмсөх гэж, кино үзэх гэж орлого бүтээхгүй юманд авч болохгүй гэдгийг бид нар заадаг.
Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэж юуг хэлж байгаа юм бэ гэхээр хадгалуулсан мөнгөнийхөө хүүгээр хэрэгцээгээ хангадаг үе ирэхийг хэлж байгаа юм.
Хуримтлуулаад хүүгээр нь хэрэгцээгээ ханга, тэр болтол тэсэх зардлуудаа тэсээч ээ, хуримтлуулаач ээ, дараа нь эрх чөлөөтэй зарцуулна шүү дээ л гэдэг мэдлэг юм. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бол хүний халаасны мөнгөтэй л ярьдаг.
Энэ чинь таваар, мөнгөний харилцааны нийгэм шүү дээ. Нэг нийгмээс дараагийн нийгэмд шилжихэд нэг зурвас үе байдаг. Тэр нь эдийн засгийн бус аргаар мөнгөжих гэсэнарга давамгайлдаг үе юм.
Одоогийн энэ залуучууд буруутай биш. Нийгмийн тогтолцоо талаасаа ярих юм болийм үе байдаг. Угаасаа улс орнуудад байдаг. Тэр үеийг хурдан даван туулахын тулд боловсрол хэрэгтэй.
Амьдралаас хүмүүс суралцаж ирсэн. Хүмүүсийг хараад, аав, ээжийгээ хараад, хажуу талаа хараад суралцаж ирсэн болохоос биш системтэйгээр суралцаж ирээгүй учраас алдаанууд гараад байна гэж харж байгаа”