
Сүүлийн жилүүдэд уламжлалт тамхийг орлох цахилгаан тамхи буюу вэйп дэлхий даяар залуусын дунд эрчтэй тархаж байна. Зарим нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг хорт бодис багатай, “аюулгүй” сонголт гэж үздэг ч, шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаанууд тэс өөр зүйлийг харуулж эхэлжээ.
Вэйпний амт оруулагч бодисуудад агуулагддаг диацетил хэмээх химийн нэгдэл нь “Попкорн уушги” гэж алдаршсан бронхиолитис облитеранс өвчнийг үүсгэж болзошгүйг Жонс Хопкинсийн судлаачид анхааруулж байна. Энэхүү өвчин нь уушгины хамгийн жижиг агаарын замуудыг гэмтээж, сорвижуулан амьсгал давчдах, амьсгаа тасалдах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд бүрэн эмчлэгдэх боломжгүй.
“Попкорн уушги” гэх нэршил нь АНУ-ын попкорн үйлдвэрлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн дунд уушгины хүнд өвчин олноор илэрсэн тохиолдлоос үүдэлтэй юм. 2000-аад оны эхээр АНУ-ын Миссури мужид байрлах попкорны үйлдвэрт амталгааны зориулалтаар хэрэглэгддэг диацетил (diacetyl) хэмээх химийн бодист удаан хугацаанд өртсөн хэд хэдэн ажилчинд бронхиолитис облитеранс гэх уушгины өвчин оношлогджээ. Эдгээр хүмүүсийн уушгины агаарын зам нарийсч, сорвижин, амьсгалахад хүнд болох шинж тэмдгүүд илэрсэн байна. Ингээд энэ өвчнийг үйлдвэртэй холбож, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд “попкорн уушги” (popcorn lung) хэмээн нэрлэсэн нь нэршил болон үлдсэн юм.
Диацетил нь цөцгийн амт оруулах зориулалтаар хэрэглэгддэг химийн бодис байсан. Ажилчид энэ бодисыг удаан хугацаанд амьсгалснаар уушги нь гэмтсэн. Хожим нь энэ бодисыг зарим цахилгаан тамхины амттай шингэнд агуулагддаг болохыг тогтоосон.
Сүүлийн үеийн жишээг дурддахад АНУ-ын Невада мужид амьдардаг 17 настай ахлах сургуулийн охин Брианна Каллен гурван жилийн өмнөөс нууцаар вейп хэрэглэж 2025 оны нэгдүгээр сард амьсгал давчдах шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгдсэн хүргэгдсэн даруйд тэрбээр “Попкорн уушги” буюу бронхиолитис облитеранс гэж оношлогдон архаг өвчин төдийгүй уушгины үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй гэсэн хариуг сонсжээ.
Жонс Хопкинсийн 2025 онд нийтэлсэн нэгэн судалгаагаар зөвхөн цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний шигдээс, даралт ихсэх, судасны хатуурал зэрэг зүрх судасны эмгэгүүд илүү өндөр хувьтай бүртгэгджээ. Хэдийгээр вэйп нь тамхинаас бага хорт бодис агуулдаг ч, судсанд очих ачаалал нь төдийлөн бага биш болохыг тогтоосон байна.
Вэйпний утаанд формальдегид, ацетальдегид зэрэг хорт нэгдлүүд илэрч байгаа нь ДНХ-г гэмтээж, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Түүнчлэн амьсгалын замын үрэвсэл, хоол боловсруулах эрхтний цочрол зэрэг бусад сөрөг нөлөө ч түгээмэл ажиглагддаг.Эцэст нь хэлэхэд цахилгаан тамхи нь уламжлалт тамхинаас өөр төрлийн хорт нөлөөг агуулж байж болзошгүй бөгөөд “аюул багатай” гэсэн ойлголтыг дахин нэг бодож үзэх шаардлагатай болж байна.