
“Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд БНХАУ-ын талтай хэлэлцэж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, Улсын Их хурал гуравдугаар сарын 27-нд баталсан юм.
Уг хэлэлцээр болон хоёрдугаар сарын 15-нд байгуулсан хоёр талын ажлын хэсгийн хамтарсан уулзалтын протоколын дагуу Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээ, Гашуун сухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам барих гэрээний яриа хэлэлцээ идэвхтэй хийгдэж, эцэслэх шатандаа явж байгааг салбарын сайд мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
“Хэлэлцээний дагуу эхний гурван жилд жил тутам 5.0 сая тонн, дараагийн хоёр жилд жил тутам 6.0 сая тонн нүүрсийг Баруун, Зүүн Цанхиас олборлох бөгөөд хатуу коксжих, 1/3-ийн коксжих, эрчим хүчний нүүрс 55, 35, 10 гэсэн харьцаатай олборлоно. Мөн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлсний үндсэн дээр 2030 оноос 11 жилийн хугацаанд жил тутам 20.0 сая тонн нүүрс өгөхөөр гэрээнд тусгаж байгаа гэлээ. Энэ үед коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаа 70, 30 байна”
Салбарын сайдын мэдээллээр Чайна Энержи компанитай холбоотой 3 асуудал байгаа. Эхнийх нь тавдугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн одоо Ханбогд сумын Гашуунсухайт дээр төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болно.
Нээлтийн үйл ажиллагаа БНХАУ, Монгол Улс 2 талд зэрэг зохион байгуулагдана.
Дараа нь тавдугаарсарын эхний 10 хоногт нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ зурагдана.
Энэ гэрээ зурагдсанаар жилийн 5 сая тонн нүүрс худалдаж авах гэрээ эцэслэнэ. Эцэст нь тавдугаар сарын 15 буюу эхний хагастаа багтаад уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурав дахь гэрээ зурагдана.
Ингэснээр 2030 оноос хойш 20 сая тонноор нүүрс олборлох энэ уурхайн геологийн хайгуулаасаа эхлээд судалгааны ажлаа хийж эхлэх юм.
Эдгээр гэрээ зурагдсанаар Чайна Энержитэй хийж буй 3 гэрээ цогцоороо эцэслэн батлагдаж буй юм.