
Сүүлийн жилүүдэд халдварт өвчлөл нэмэгдэж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж, ярьж, зөвлөн анхааруулж буй. Гэхдээ хаврын улиралд хөрс гэсэж, агаарт бохирдол нь ууршихаар халдварт өвчлөлүүд огцом нэмэгддэг гэдгийг тэд онцолж байгаа юм.
Харин бид үр хүүхдээ халдварт өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Яаж тэдгээр халдварт өвчлөлөөс хамгаалах вэ?
Тэгвэл эцэг, эхчүүдэд хандан мэргэжлийн эмнэлгийн байгууллагаас зөвлөхдөө зөв амьдралын хэмнэлийг голчлох хэрэгтэйг сануулж байна. Ингэхдээ үр хүүхдээ амин дэмээр тэтгэж байна хэмээгээд хэрэгтэй, хэрэггүй, үр нөлөө нь хэзээ өгөх нь тодорхойгүй эм, витаминаар хооллоод байх бус жинхэнэ амин дэм, шим тэжээлээ өгөх хоол хүнсээр дархлааг нь дэмжихийг зөвлөлөө.
Ингээд бид Уншигч та бүхэндээ мэргэжлийн хүний, хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэхээр БЗД-ийн VI хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвийг зорилоо. Биднийг очиход тус Өрхийн Эрүүл мэндийн төвд эмнэлийг тусламж үйлчилгээ авч буй нас насны 10 гаруй иргэд байв. Харин нэгдүгээр давхартаа вакцин, дархлаажуулалт тогтмол хийж байсан бол хоёрдугаар давхартаа эмчийн үзлэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл өгч байлаа.
БЗД-ийн VI дугаар хороо нь 11 мянган оршин суугчтай. Ингэхдээ үндсэн оршин суугчаас гадна Оюутны 8 дотуур байр байдаг учраас 4200 орчим оюутанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Гэхдээ тус оюутнуудад эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлыг тус Өрхийн Эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд суулгаж өгөөгүй байдаг учраас хүндрэлтэй байдаг гэдгийг удирдлагууд нь онцлов.
БЗД-ийн VI дугаар хорооны ӨЭМТ-ийн эмч М.Эрдэнэсувд: Хүүхдийн дархлааг эм, витаминаар бус органик амьдралын хэв маягаар дэмжих нь чухал

-Сайн байна уу? Нэг өдрөөр дүгнээд авч үзвэл иргэд голдуу эмнэлгийн ямар тусламж үйлчилгээг авч байна вэ?
-Сайн байна уу. Ерөнхийдөө илүү томуу, томуу төст өвчлөл байна. Бас вирусын гаралтай ханиад томуу, томуу төст өвчлөл буюу халуурч байна, ханиалгаж байна гэсэн зовууриуд бол одоо зовуурьтай дуудлагууд бол их байгаа. Ер нь сүүлийн 14-20 хоног хавьцаа юм уу, улаанбурханы бас тохиолдлууд одоо ихэссэнтэй холбоотойгоор дуудлага байгаа. Голчлон одоо голомтын арга хэмжээ авагдаж байгаа.
-Ойрын өдрүүдэд танай хорооны нутаг дэвсгэрт халдварт өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн үү?
-Улаанбурханы анхны тохиолдол дөрөвдүгээр сарын 15-нд бүртгэгдсэн байна. Энэ тохиолдол нь болохоор яг 10 настай хүүхэд. Ер нь бол 10-аас дээш насны, 5 дугаар ангиас дээш насны хүүхдүүд, 12 дугаар ангийнх бол бүртгэгдээгүй. 10 дугаар анги хүртэл тэгээд дээшээгээ оюутнууд ерөнхийдөө бол ингээд бүртгэгдсэн байна. Ганц хоёр л 2-4 настай хүүхэд байгаа. Энэ 2-4 настай хүүхэд нь болохоороо улаанбурханыхаа товлолын дархлаажуулалтад огт хамрагдаагүй хүүхдүүд бол байгаа.
-Хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байна вэ?
-Манай Өрхийн эрүүл мэндийн төвийн яг хойно оюутны байрнууд бий. Одоо манай нутаг дэвсгэр дээр чинь онцлог нь болохоор 8 оюутны байр, 4200 орчим оюутан байдаг. Тэдэн дээр болохоор нэг давхарт нь л одоо тухайн хүүхэд өвдчихөд тэр давхраараа ингээд голомтын арга хэмжээ авах, тэгээд голомтын дархлаажуулалт авах шаардлага гараад ерөнхийдөө тэнд бол суурь нь одоо дархлаажуулалт, дуудлага их байгаа. Манайх яг өмнө талдаа Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль байгаа. Сургуульд бас одоо ерөнхийдөө голомтын дархлаажуулалт хийгдээд явж байгаа.
-Дархлаажуулалтанд хамрагдсан хэрнээ өвчлөх тохиолдол байна уу?
-10-аас 16 насны хүүхдүүд дунд болохоор дархлаажуулалтдаа хоёр тунд нь хоёуланд нь хамрагдсан эсвэл аль нэгэнд нь хамрагдсан хэрнээ уг вирусээр өвчилсөн тохиолдол бий. Оюутан хүүхэд бол хоёр дархлаажуулалтдаа хамрагдсан гэж байгаа хэрнээ вакцин хийлгэснээ баримтжуулах яг гэрчилгээгээ барьж ирээд, хийлгэсэн гэсэн зүйл байхгүй. Амаар бол хийлгэсэн гэж байгаа боловч ерөнхийдөө өвдсөн байгаа, өвдөж ирж байгаа гэсэн үг.
-Эмнэлгийн дуудлага мэдээллээр ихэвчлэн өвдсөн хүүхдүүд ямар шинж тэмдэгтэй байна вэ? Эцэг, эхчүүд яг юун дээр анхаарах вэ?
-Дуудлага мэдээллээр очих юмуу, эсвэл манай дээр ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй хүүхдүүдийн хувьд онцлоод хэлэхэд эцэг, эх, асран хамгаалагчид амьдралын буруу хэвшилтэй байна. Ерөнхийдөө хүүхдүүд маань шингэн, бүлээн ус сайн уумаар байна аа. Хүүхдүүд ерөөсөө ус уухгүй байна.
Үзлэгээр яваад очиход, уруул ам нь омголтчихсон, тэгээд бүүр шүлс нь зуурчихсан хүүхдүүд маш их орж ирж байна. Усаа сайн уумаар байна, агаарт сайн гаргамаар байна, тэгээд анги танхимдаа агаар сэлгэлт сайн хийж, эрт унтуулж амраамаар байна.
Нэмээд хэлэхэд амин дэм өглөө гээд эм, витаминаар бөмбөгдөөд байх бус илүү амин дэмтэй хоол хүнсээр дархлааг нь дэмжих нь чухал. Аль болох шөлтэй, устай, хоол унд хэрэглэх, нэг хоолондоо 4 төрлөөс дээш бүтээгдэхүүн орсон хоол хүнсээ түлхүү хэрэглэхийг зөвлөе.
Өглөө гэрээсээ гарахад нь хүүхдийнхээ хувцаслалтыг нь зохицуулаад, нимгэн нойтон биш тухайн өдрийнхөө цаг агаарын байдалтай уялдуулан хувцаслаад, явуулж байвал ерөнхийдөө ханиад томуунаас ч, мөн ямар нэгэн халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.
Дөрвөн төрлөөс дээш бүтээгдэхүүн орсон амин дэмтэй, шөлтэй хоол хүнс хүүхдэдээ өгөхийг зөвлөж байна
Ярилцсанд баярлалаа.