
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадны нутаг дэвсгэрт хийгдсэн бүх кинонуудад 100 хувийн татвар оногдуулна хэмээн өөрийн нийгмийн сүлжээндээ бичжээ. Түүний бичсэнээр бусад улс орнуудын Америкийн кино бүтээгчдэд санал болгодог мөнгөнөөс болж Америкийн кино урлаг мөхөж байгаа аж. Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү саналаа АНУ-ын худалдааны яаманд хүргүүлсэн ба Америкийн худалдааны төлөөлөгч шинээр тогтоосон татварыг даруй хэрэгжүүлж эхэлнэ гэжээ.
Тэрээр, “Энэ бол бусад улс орнуудын зохион байгуулалттай бодлого. Тийм ч учраас энэ бол Америкийн үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудал юм. Бид Америкт хийсэн киног хүсэж байна!” хэмээн бичжээ. FilmLA ашгийн бус байгууллагын хийсэн судалгаагаар сүүлийн 10 жилд Лос Анжелест кино болон телевизийн контент үйлдвэрлэлт 40 орчим хувиар буурчээ. Бусад улс орнууд кино продакшнуудад маш ашигтай татварын хөнгөлөлт, мөнгөн урамшуулал зэргийг санал болгосноор 2025 онд дэлхийн кино урлагт оруулах 248 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтын багагүй хувийг улсдаа татах нь гарцаагүй юм. Кино урлагийн салбар хэдийн АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын татварын нэмэгдэл болон дэлхийн кино урлагийн салбарын хоёр дахь том зах зээл болох Хятадын хариу арга хэмжээний нөлөөг мэдэрч эхлээд байгаа билээ. Мэргэжилтнүүд гадаадын кинонуудын татварыг нэмэгдүүлэх нь эсрэгээрээ Америкийн кино урлагийн салбарын үгүй хийнэ хэмээн үзэж байгаа аж.