
АН-ын дарга Л.Гантөмөрөөс АН-ын бүлэг завсарлага аваад буйтай холбогдуулан хэвлэлийнхэн тодруулга авахад доорх хариуг өглөө.
-Ерөнхий сайд АН-ын бүлгийн гишүүн Ж.Баярмаатай ёс зүйгүй байдлаар харьцсан гэж үзэж АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
-Бүлгээс гарсан шийдвэр бүлгийнхээ мэдээллээр хаагдаж байх ёстой. Бүлгийнхэн өөрсдөө удахгүй мэдээлэл өгөх байх.
-Засагт хамтарсан сайд нар бол чуулганы хуралдаандаа суугаад байгаа. Тэгэхээр АН-ын бүлгийн байр суурь өөр байна гэсэн үг үү?
-Би бол ажил явах ёстой гэдэг ийм л байр суурьтай байгаа.
-Тэгэхээр Засгийн газарт тавиад байгаа шаардлагыг та юу гэж харж байна? Танай бүлэг уучлалт гуйтал нь хуралдаа суухгүй ээ гээд байгаа. Сайд нар л хуралдаа суугаад явах хэрэг үү?
-Ойлголцож болохгүй зүйл бол байхгүй шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүд танхимд микрофоноороо янз бүрийн л асуудал ярьдаг. Сүүлийн 30 жилийн УИХ-ын түүхийг эргээд харах юм бол УИХ-ын гишүүн өөрийнхөө микрофоноор хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Нэгнээ хулгайчаар дуудацгаадаг, нэгнээ алуурчнаар нь дууддаг. Энэ бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж үздэг учраас тэр хүрээндээ асуудлаа шийдэх ёстой. Нэгт. Хоёр дахь нь бол Ойлголцохгүй зүйлийг ойлголцоод цаашаа явах ёстой. хамгийн гол нь ажил урагшлах нь чухал.
–УИХ–д байгаа АН–ын гишүүд нэгдсэн нэг бодлоготой байж чадахгүй байна аа гэсэн үг үү?
-Би Ардын намын зарим гишүүдийн тухай хатуу, хөтүү үг зөндөө хэлж байсан. Цаашдаа ч хэлэх байх. УИХ-ын гишүүн хүн өөрийн үзэл бодол, бодож байгаа зүйлээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Би хэн нэгнийг хамгаалж өмгөөлж байгаа юм биш. Хуулийн хүрээнд бүх ажил явна аа гэдэг ийм л байр суурьтай байгаа.
-Та намын даргын хувьд бүлэг дээрээ ямар байр суурийг хэлж байгаа вэ?
– Ажил явах ёстой гэдэг зарчмаа л барьж байгаа. Тийм айхавтар зүйл болсонгүй шүү дээ. Манай улсын гадна, дотнын нөхцөл байдал амаргүй байна. Нүүрсний үнэ 40 хувь уначихсан. Хаврын ажлуду хүлээгдэж байна. Ноолуурын экспортоо яах юм гэх мэт шийдэх асуудлууд олон байна. Нэг жижигхэн асуудал үүсэхэд түүнийг нэг хоёр долоо хоногийн хэрүүл болгоод яваад байх нь утгагүй хэрэг.