
Оросын “Россия 1” суваг дээр сурвалжлагч Павел Зарубины “Орос. Кремль. Путин. 25 жил” нэртэй баримтат кино гарсан байна. 1 цаг 30 минут орчим үргэлжлэх уг киноноос Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүнээр ажилласан 25 жилд Оросуудын амьдрал хэрхэн сайжирсныг харж болох ба киноны туршид Ерөнхийлөгч В.Путин зарим нэг сэдвээр сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Оросууд яагаад 2014 онд Украин руу довтлоогүй тухайд: В.Путины хэлснээр ОХУ 2014 онд Украин руу довтлоход бэлэн байгаагүй аж. Украин руу довтлохоос өмнө оросуудад аюулгүй байдал, зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, эдийн засаг, санхүүгийн салбартаа хийх ёстой ажлууд зөндөө байснаас гадна ОХУ барууны орнуудын эсэргүүцэлтэй тулах бэлтгэлгүй байжээ. Түүнчлэн тухайн үед оросууд Донбассын асуудлыг энхийн замаар шийдвэрлэх чин хүсэлтэй байсан гэжээ.
Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэсэн асуудлын тухайд: ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин өмнө нь удаа дараа мэдэгдэж байсанчлан Крымийн хойгийн оршин суугчдын аюулгүй байдлыг хангаж, хамгаалахын тулд тус бүс нутгийг ОХУ-д нэгтгэхээс өөр сонголт байгаагүй хэмээн мэдэгджээ.
ОХУ Украин руу довтолсон явдалд оросууд хэрхэн хандсан талаар: В.Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахыг оросууд дэмжинэ гэж найдаж байсан ч иргэд шийдвэрийг нь эсэргүүцэж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй гэжээ. Түүний хэлснээр ОХУ-Украины дайны явцад оросууд түүний шийдвэрийг ойлгож ухаарч эхэлжээ.
Украинчуудтай эвлэрэх тухайд: В. Путины хэлснээр ОХУ Украин дахь оросуудтайгаа эвлэрэх нь гарцаагүй бөгөөд энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал гэжээ. Цөмийн зэвсэг ашиглах тухайд: Киевт барууны орнуудаас авсан пуужингаар цохилт үзүүлэхийг зөвшөөрч, оросуудыг өдөөн хатгахыг оролдсон ч Москвад тийм шаардлага гараагүй, ирээдүйд ч гарахгүй гэж найдаж байгаагаа В. Путин илэрхийлжээ. 2022 онд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаагаа хүссэн үр дүнтэйгээр дуусгахад шаардлагатай нөөц бололцоо ОХУ-д хангалттай байгаа гэжээ.
Оросууд болон барууныхны сэтгэлгээний ялгааны тухайд: Ерөнхийлөгч В. Путин оросуудыг барууныхныг бодвол эд хөрөнгийн баялгаас илүү ёс суртахууныг үнэлдэг болохыг онцолжээ. Түүний хэлснээр барууны орнууд олон зуун жилийн турш Оросыг хагалан бутаргахыг зорьж ирсэн ба ингэхдээ суртал ухуулгыг ашиглаж иржээ.
Залгамжлагчийн тухайд: В. Путины хэлснээр тэрээр ирээдүйд Оросыг хэн удирдах талаар үргэлж боддог ч эцсийн дүнд ОХУ-ыг хэн удирдахыг оросын ард түмний сонголт мэдэх ба ард иргэдийн итгэлийг даасан хүн л төрийн тэргүүн болно гэжээ.