
Та фэйсбүүк, инстаграм гэх мэтээ харах бүртээ утасныхаа мэдрэгчтэй дэлгэцийн инди, батерейных нь литийг ашигладаг. Та оройдоо суугаад тайвширч, зурагтныхаа галийг ширтэн, чанга яригчаар нь неодиумийг сонсоно.
Ерөнхийдөө танай байшингийн бараг бүх технологи, цахилгаан эдлэл эдгээр элементүүдээр дүүрэн байдаг.
Гадаа алхвал лити-кобальт батерейтай хөнгөн цагаан машин таныг мөргөж орхивол, мэс заслын тоног төхөөрөмж дэх тантал, рентген туяа, MRI-ийн гадолиниум зэрэг нь таны бие, тархийг бүрэн бүтэн эсэхийг харахад тань туслах болно.
Үүгээр ч зогсохгүй дэлхий даяар итри нь аймшигт зэвсгүүдэд, диспрозиум, теллур нь тийм ч аймшигтай биш ногоон эрчим хүчний технологид ашиглагдаж, самариар дүүрэн хиймэл дагуулууд сансар огторгуйд эргэлдэн хиймэл дагуулаар бүхнийг хийж байна.
Бидний эзэмшиж буй хэт их хэрэглээний ертөнцөд эдгээр ашигт малтмал асар их эрэлт хэрэгцээтэй байна. Орчин үеийн нийгэм шууд утгаараа тэднээс хамааралтай бөгөөд тэд илүү ногоон ирээдүйг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Гэсэн хэдий ч тэдгээрийг олборлох, боловсруулах нь геополитикийн асуудал болсоор байна.
Өнөөгийн ертөнцөд улс орнуудын Засгийн газар газрын ховор элемент буюу Чухал ашигт малтмалыг геополитикийн гол зэвсэг гэж тодорхойлж байна. Хэрэв тухайн улс газрын ховор элементийн илүү олон ордтой эсвэл түүнийг олборлох дэд бүтэцтэй бол орчин үеийн ертөнцөд чухал ашигт малтмалын түүхий эдээр давамгайлж эсвэл бүр монополчилж, эдийн засгийн тогтворгүй байдал, худалдааны дайныг ч үүсгэх боломжтой.
Газрын ховор элементийн төлөөх геополитикийн дайн хэзээнээс эхлэлтэй вэ? 1939 онд АНУ чухал ашигт малтмалын анхны жагсаалтыг гаргаж, дотоод болон гадаад дахь ордуудыг олж илрүүлэх, олборлох ажлаа эхлүүлж, батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн. Түүнэс хойш электрон барааны экспортын орон болох Япон, Их Британи, АНУ, Европын холбоо зэрэг орнууд өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт газрын ховор элементүүдийг ашиглах хэрэглээгээ нэмэгдүүлсэн. Харин өнөөдөр дэлхий бүхэлдээ ногоон эдийн засаг, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, сансар огторгуйн салбар бүхэлдээ энэхүү газрын ховор элементээс хараат болсон тул эрэлтийн бүүм болж байна.
Газрын ховор элементийн дэлхийн зах зээлд ноёлогч нэг улс байдаг нь бидний хөрш Хятад. Тэд 2023 он гэхэд дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн 80%-ийг дангаараа нийлүүлсэн байна. Дэлхийд монопол болсон БНХАУ 2010-2011 онд газрын ховор элементийн экспортоо огцом бууруулснаар эрэлт өсөж газрын ховор элементийн үнэ огцом өсөж байсан. Яг энэ үед л газрын ховор элемент худалдан авагч улсууд Хятад хэмээх нэг улсаас хараат байдлаас гарах эрэлд мордож, өөр найдвартай эх сурвалжтай болох шаардлагатай тулгарсан юм.
Монгол Улс өнөөдөр дэлхийн хөгжлийн эсрэг явж байна. Тэд хүрнээс ногоон руу шилжиж буй өнөө үед хүрэн нүүрсээ зарж, шатааж амь зогоож байна. Гэхдээ чухал ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн том тоглогч болох орон зай үүссэн. Үүнийг мэдсэн хөгжингүй орнуудын төрийн тэргүүд манай улсад айлчлах үеэрээ газрын ховор элементийн хайгуул, олборлолт дээр хамтран ажиллах бүр чухал ашигт малтмалыг чинь авья гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Монголын уул уурхайн салбарын хөгжлийн II үе буюу хүний хөгжлөөр ярьваол Generation Z үе нь Газрын ховор элемент буюу Чухал ашигт малтмал болоод байна. Хамгийн гол нь дэлхийн нийт дараагийн найдвартай эх сурвалжийг Монгол Улс байх боломжтой гэж үзсэн. Яагаад гэвэл манай улсын батлагдсан нөөц 3,2 сая тонн боловч хүлээгдэж буй нөөцөөрөө 31 сая тонн юм. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 16 гаруй хувийг эзлэх том хэмжээ билээ.
Чухал ашигт малтмалд багтдаг батерейд ордог графит болон лити зэрэг элементүүд дээр бид төвлөрч ажиллана
“Монгол Улс олон жил алт, зэс, нүүрс олборлосон түүхтэй. Энэ тал дээр Геологийн судалгааны албаны цуглуулж, нэгтгэсэн өгөгдлийн сан нээлттэй байгаа ба миний бие уг албатай хамтран тухайн өгөгдлийн сан дээр ажиллана.
Жишээ нь бид чухал ашигт малтмалд ордог газрын ховор элементийн шинэ ордуудын нээлтийг судална. Стэнфордын их сургууль газрын ховор элементүүдийн талаар жижиг судалгаа хийсэн. Монголд ч энэ салбарын өгөгдлийн сан маш сайн юм. Чухал ашигт малтмалд багтдаг батерейд ордог графит болон лити зэрэг эдгээр элементүүд дээр бид төвлөрч ажиллана.
Мөн зэс нь цаашид маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж боддог. Зэс нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагддаг бас цахилгаан эрчим хүч дамжуулахад зэсийг орлуулах зүйл байхгүй. Дэлхий даяар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдсээр байна. Энэ нь бидэнд илүү их зэс хэрэг болно гэсэн үг юм. Цаашдын судалгаа шинжилгээгээр Оюу Толгой шиг томоохон зэсийн ордыг илрүүлэх илүү дэвшилтэт арга замуудыг олох боломжтой юм”
Газрын ховор элементийн гол худалдан авагч бол Европын холбооны улсууд. Бид нэг уурхайг л ашиглалтад оруулж чадвал гуравдагч хөрш болсон Европын холбооны улсуудтай харилцах харилцаандаа нэг шат ахиулах боломж байна.
Гол түлхүүр нь ДАТА
“Сургалтын дата буюу Монгол Улсад өмнө нь хайгдаж олж байсан ордуудын мэдээллийг ашиглаж одоо тэр хиймэл оюун ухааны моделийг үүсэх ёстой юм. Тэгж байж дараа дараагийн шатны хайгуул дээр хиймэл оюун ухааныг ашиглан ордыг богино хугацаанд илрүүлэх,эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий болох юм. Тийм учраас гол түлхүүр нь бол дата”
БНХАУ чухал ашигт малтмалын зах зээлд ноёрхож байгаа нь үнийг хянаж, өрсөлдөгчдөдөө дарамт үзүүлэх боломжийг олгодог. Бээжингийн стратеги нь уул уурхай, соронз, цахилгаан машин зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд давамгайлах босоо нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээг бий болгох явдал юм. Гэвч барууны мэргэжилтнүүдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа нь яг ийм учраас барууны орнууд газрын ховор элемент, мөн дижитал эрин үеийг эрчимжүүлэхэд шаардагдах өндөр хүчин чадалтай соронзыг өөрсдөө үйлдвэрлэж эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
шинэ ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоход, үйлдвэрүүд бариад, ордуудыг ашиглаад явахад багадаа 10 орчим жил шаардагдана
“Газрын ховор элемент дээр гэхэд л шийдэл гарахад Хятадаас хамаарах хамаарлыг маш бага болгоод явахад шинэ ханган нийлүүлэлтийн сүлжээ бий болгоход, үйлдвэрүүд бариад, ордуудыг ашиглаад явахад магадгүй хамгийн хурдандаа 6-7 жил, ер нь бараг 10 жилийн ажил.
Америкийн талдаа бол ирээдүйд Украйн улс нэлээн потенциалтай улс юм. Никель, титан гэх мэт онцгой ашигт малтмалуудаар их нөөцтэй гэдгийг аль аль тал нь мэдэж байгаа учраас Америкийн ашиг сонирхлыг оруулж өгснөөрөө нэгэнт ашигт малтмал, критикал минералын төлөөх том өрсөлдөөн дэлхий даяар явж байгаа үед байхад илүүдэхгүй. Одоогийнхоо нөхцөл байдалд бол их аятайхангэрээ болж байгаа юм гэж ойлгогдож байна”
Газрын ховор элемент, критикал минерал, чухал ашигт малтмал гэдэг үгийг учир мэдэх хүмүүс олон ярьж иргэд та бидний хувьд шинэ мэдээлэл болж байна. Франц, Польш зэрэг улс орнуудын тэргүүнүүд манай улсад айлчлах үеэрээ энэ тухай ярьж, түүхий эд авах сонирхол байгаагаа дээд хэмжээнд илэрхийлсэн. Өнгөрсөн 7 хоногт болсон ОУВС-ийн энэ оны хаврын уулзалтаар ч дэлхийн томчууд газрын ховор элемент, чухал ашигт малтмалаа хайх, олборлохыг улс орнуудад уриалж, хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа ч илэрхийллээ.