
Аалзны тор шиг хэрсэн эрх зүйн зохицуулалт дунд Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ажиллаж, эрх чөлөөгөө эдлэх гэж тийчлэн байна…
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн эрх зүйн орчин ямар байна вэ?
- Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой 100 гаруй хууль үйлчилж байна. Тэгтэл бид ганцхан хуулийг нь л яриад байна. Хуулийн заалтууд гэх юм бол бүүр хэдэн мянга болно. ХМХ-ийн статус, байр байдлыг нь зохицуулсан заалт бүхий 8 хууль, хэсэгчлэн зохицуулсан зар сурталчилгаа эсвэл илт худал мэдээлэл гэх зэрэг зохицуулалттай 102 хууль байна гэж үзэж байгаа. Агуулгаар нь задлах юм бол хязгаарласан 65, үйл ажиллагааг дэмжсэн заалттай 51 хууль байна. Хязгаарласан 65 нь тэгвэл юуг хязгаарлаад байгаа юм гэхээр төрийг хязгаарласан нь 10 хууль, хүний эрхийг хязгаарласан нь 10, ХМХ–ийн үйл ажиллагааг хязгаарласан 42, Зар сурталчилгааны хуульд ч ингэж болохгүй, тэгж болохгүй гээд ерөөсөө болохгүй, болохгүй, болохгүй агуулга, хязгаарлалт дунд л бид нар ажлаа хийх гэж тийчэлсээр явна.
За тэгвэл юу дэмжсэн юм бэ гэхээр төрийн үйл ажиллагааг дэмжээд байна. Төр хэвлэл мэдээ мэдээллийн хэрэгслүүдэд мэдээллээ ил тод болгоно гээд гоё ярьдаг ч цаанаа бол төрийн мэдээллийг ил болгох гэж байгаа л заалт байна. Түүнээс биш хэвлэлийн эрх чөлөөг яг дэмжье гэсэн утга агуулга байхгүй.
Хүний эрхийг дэмжсэн 12, ХМХ–ийг дэмжсэн нь 6 хууль байна. Бид нар манай салбарын хууль гээд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульдаа санаа зовоод байдаг. Тэгтэл бусад хуулиудад бид нарын ямар ч санаа оноо, оролцоо байхгүйгээр манай салбартай холбоотой заалтууд батлагдсаар байгаад өнөөдөр эргээд харсан чинь нэг ийм дүр зурагтай болчихжээ.
Хэвлэлийн эрх чөлөө гэхээр хамрах хүрээ нь их өргөн агуулга илэрхийлээд байдаг. Яг хэнээс, юунаас хамгаалах гээд байна вэ? гэсэн асуулт гарч ирдэг л дээ.
- Хэвлэлийн эрх чөлөөг юунаас бид нар хэнээс хамгаалах гээд байгаа вэ гэхээр төрийн эрх мэдэл, субъект дарангуйллаас хамгаалах гээд байгаа юм. Төрийн оролцоог хязгаарлах ёстой гэдэг нь ер нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хуулиудын гол агуулга нь юм. Швед улсын 1700-аад онд баталсан хамгийн анхны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хууль байдаг. Хуулийн гол үзэл санаа нь төрийн оролцоог хязгаарлах байдаг. Үүний дараа нь чөлөөт үзэл бодлыг дэмжих ёстой гэж үзсэн.
Яагаад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал өнөөдөр буурчихсан юм бэ? эхлээд шалтгаанаа бид зөв оношлох хэрэгтэй. Ганцхан 1998 оны хууль нь хэрэгжихээ больчхоод тэгээд хэвлэлийн эрх чөлөө буурчихсан юм уу? асуудлыг дахин дахин ярих ёстой. Төр манай салбарыг хөгжүүлж өгөх юм уу? үгүй. Тэгсэн хэрнээ хэлж байгаа тайлбар нь ч гэсэн та нарыг хамгаалах гээд байна шүү дээ та нар яагаад байгаа юм бэ гээд. Өнөөдөр олон улсад хоёрхон зүйл дээр л сэтгүүлч онцгой эрхтэй гэж үзэж байгаа. Бусдаар бол хүний эдлэх ёстой үндсэн эрхийг л эдэлнэ. Тэрийг төр хангаад өгчих. Нэгдүгээрт мэдээллийн эх сурвалжаа хамгаалъя, хоёрдугаарт олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг гэдэг онцлогийг харгалзаад үзээч ээ.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүмжлэлтэй хандах нэг шинэчлэл нь хэтэрхий ХМХ, редакц, сэтгүүлч гэж юу вэ гэдгийг тодорхойлж, хамрах хүрээг хязгаарласан заалт бий гэдэг. Үүнийг хэрхэх ёстой вэ?
- Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хуулийн нэр томьёог хараад редактор хийгээд өгөөч ээ гэсэн ч манай багш нар зөвшөөрөөгүй. Яагаад гэхээр наадах чинь угаасаа ямар ч засвар хийх нь байтугай батлах боломжгүй хууль гэж үзсэн. Угаасаа олон улсад ингэж нарийвчилсан зохицуулалт хийхийг ерөнхийдөө сайшаадаггүй. ХМХ гэж юу вэ гэхээр сонин сэтгүүл, радио, телевиз, редакц бүхий мэдээллийн цахим хуудас гээд ангилчихсан. Тэгээд бусад нь яах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Томьёолоод энэ медиа байна, энийг хуульд хамруулдаг, энэ медиа биш байна гээд ялгалт хийх гээд байна гэсэн үг шүү дээ. Олон улсад үүнийг буруу гэж үзэж байна.
Хүн хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж, хүний эрх чөлөө, улс үндэстний аюулгүй байдалд халдахгүй л байх юм бол ажлаа хийгээд явж байх ёстой шүү дээ. Гэтэл шинэ төрлийн медиа байгуулах юм бол энэ хуулийн өөрчлөлтөөр хамаарахгүй болчихож байгаа юм. Өнөөдөр технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Олон шинэ боломжууд, шинэ медиагийн хэлбэрүүд гарч ирнэ, тэгээд тэд нар яах юм гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Манай салбарын онцлог бол байнга хурдтай өөрчлөгдөж байдаг.
Хэтэрхий нарийн зохицуулалт хийж байгаа нь буруу л гэж үзэж байгаа юм уу?
- Тийм, сайжруулсан санкцтай болъё, эх сурвалжийг нэмье, болгоомжтой хандъя, сайн судалъя, урт хугацаанд бага багаар өөрчил. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлтийг алгуур хийх ёстой гэж би үзээд байгаа юм. Өөрчлөх ёстой тэгэхдээ сайн ярилцъя гэдэг л ийм асуудлыг тавиад байгаа. Одоо хэрвээ энэ шинэчилсэн найруулгыг баталчих юм болбол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль биш болчихно.
Олон улсад хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг зохицуулж байгаа 2 хандлага байгаа юм. Нэг нь хязгаарладаг, ингэж болохгүй, тэгж болохгүй гээд. Ерөнхийдөө бол авторитар маягийн зохицуулалт байдаг. За нөгөөх нь либертари зохицуулалт буюу улс орны чухал асуудал эсвэл хувь хүний эрхтэй холбоотойг нь хуулиар зохицуулж өгөөд бусдыг нь салбарын өөрийн зохицуулалтын байгууллага, сэтгүүлчдийн ёс зүйн хэм хэмжээнд нь даатгаж орхидог зохицуулалт байна. Тэгэхээр бид нар алийг нь сонгох юм бэ гэдгээ одоо ярилцах л ёстой гэсэн үг.
Манайд бараг хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг зохицуулах том цогц систем бий болчихсон байна. Одоо надад ч гэсэн айдас байна. Яагаад гэхээр ийм хэвлэлийн эрх чөлөөний биш өөр утга санаа бүхий ийм хууль батлагдах юм бол манай салбар бүр эрх чөлөө бол хумигдах нь.