
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Ананбазарыг 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон ээлжит бус Их хурлаас сонгосон нь энэ төрлийн спорт сонирхогчид, олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсан билээ.
Хөлбөмбөгчдийн тухайн үед гар утсан дээрээ бичсэн бичлэгээр тус сонгуулийн санал хураалт, мөн Их хурал нь эхлэхээс дуусах хүртэлх хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан үйл явдал болсон байв.
Мөн авто машинаар Ц.Анандбазарыг сонгоход санал өгөх хүмүүсийг суулгаж авчраад өгүүлж байсныг хөлбөмбөгчид ярьж хэлж буй.
Эгээ л тухайн үеийн дүр зураг улс төрийн сонгууль аятай л явагдаж, дуулиан шуугиан дагуулсан байлаа.
Угтаа бол Монгол Улсын төрийн ч бус спортын холбооны ерөнхийлөгчийг л сонгох ээлжит бус Их хурал…
Үнэн хэрэгтээ дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн хэн хүн бүхний чихээ тавьж, хараагаа чилээн шүтдэг хөлбөмбөгчнөө дэмжсээр ирсэн ийм л сайхан төрөл.
Холбооны шинэ ерөнхийлөгч эсэргүүцсэн хөлбөмбөгчдийн тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байна.

Хөлбөмбөгчид хэлэхдээ: Хөлбөмбөгийн спортын тогоонд чанагдах нь бүү хэл, ногоон талбайд хөл ч тавьж үзээгүй хүнийг холбооны ерөнхийлөгчөөр сонгосныг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа юм.
Энэ нь илтэд дүрэм журмаа зөрчсөн спортын салбарын хамгийн том санаатай, сөрөг “сонголт” гэдгийг тэд онцолж байна.
Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоонооос 3 чиглэлээр “шаардлага” хүргүүлээд байгаа ажээ.
- Шударга бус сонгуулиар сонгогдсон Ц.Анандбазар огцор
- Ээлжит бус Их хурлыг зарла
- Дүрмээ өөрчил. Ёс зүйгүй Сонгуулийн хороон татан буулга гэсэн шаардлагыг тавьжээ.
Мөн Монголын хөлбөмбөгийн тоглогчдын тэргүүн Д.Төрбат, Улсын шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш тэргүүтэй гурван тоглогчийг ХУД-ийн цагдаагийн байгууллагаас мягмар гарагт буюу (2025.04.29) өдөр дуудаж байцаалт, мэдүүлэг авсан тухай мэдээллийг бид хүргээд байсан.


Д.Төрбат: “Нэр бүхийн тоглогчдыг ХУД-ийн цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг байцаалт авсан. Үндэслэл нь Хөлбөмбөгийн холбооны нэр төрд халдсан. Мөн бусдыг өдөөн турхирсан гэж МХБХ-ны хуулийн хэлтсийн дарга н.Батбаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна гэж бидэнд хэлсэн. Гайхмаар зүйл нь би анх удаа Хөлбөмбөгийн холбоог “Хуулийн хэлтэстэй” гэдгийг өнөөдөр л дөнгөж мэдэж байна” гэв.


А.Алтантуяа: “Би эмэгтэй тамирчин. Тэр дундаа Улсын шигшээ багт өөрөө тоглохоос гадна охидын багийг дасгалжуулдаг хүн. Хэрвээ шинэ сонгогдсон ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар гэдэг хүн байсаар байвал цаашдаа элдэв асуудал гарвал яах вэ? Би шавь нарынхаа эцэг эхэд, тэдгээр охидуудын гэрийнхэнд хэрхэн юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Би үнэхээр “айж байна”. Тэр хүнтэй холбогдсон “me too” хөдөлгөөн нийгэм даяараа өрнөж байсныг одоо ч тод санаж байна” гэлээ.


Х.Цэнд-Аюуш: “Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль шударга бус явагдсанд гүнээ харамсаж байна. Иймд би Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй ямар ч тэмцээн, уралдаан, шигшээ багхийн тэмцээнд мөн оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэв.


Монголын Үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд: “Миний бие 4 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн хууль бус худалдагдсан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн цаашид болох Үндэсний дээд лигийн тоглолтод ороцлохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.


Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Г.Ганбаяр: Унгар улсаас хөлбөмбөгчидтэй нэг гэдгээ мэдэгдэж, эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Түүний хувьд Монголын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж, Унгарын “Пушкаш академиа” багийн мэргэжлийн хөлбөмбөгчин болсон билээ. Г.Ганбаяр Унгарын алдарт “Пушкаш” академид хоёр жил суралцсаны эцэст клубтэйгээ гэрээ байгуулсан юм.


Г.Ганбаяр: “Хэдхэн төгрөгнөөс болж ирээдүйн Роналдо, Месси болох байсан өчнөөн олон мянган хүүхдийн хүсэл, мөрөөдөл боломжийг цөөхөн хүн өөрчилж болдог юм байна. Гэхдээ та нарын нэр хүнд чухал биш. Монголын олон мянган хүүхдүүдийн ирээдүй чухал учраас шударга бус зүйлийн төлөө хөлбөмбөгийнхөн бүгд нэгдэж, тэмцээсэй гэдгийг уриалж байна” гэв.


Энэ мэтчлэн Дээд лиг болон футзалын эмэгтэй лигийн төлөөллүүд мөн хөлбөмбөгийн бүх клуб болон багууд сонгуулийн дүнг эсэргүүцэн, тэмцлээ үргэлжүүлэх тухай мэдэгдэж, нэгдсээр байна. Тэмцээн уралдаанд оролцохгүй байна гэдэг нь нэг талдаа тамирчин хүн өөрийгөө золиосолж буй хэдий ч тэд Монголын хөлбөмбөгийн ирээдүй, хөлбөмбөгт дуртай хүүхэд, залуусын төлөө хийж буй шударга тэмцэл гэдгийг онцлоод буй билээ.
Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо болон “Очир” лигийн зөвлөлөөс хамтарсан ажлын хэсгээс Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, өнөөдөр(2025.05.01) эхлэн суулт зарлахаар болжээ.