
Малчны хотоос эрдэм өвөртлөхөөр Өвөр монголын их сургуулийг зорьсон 19 настай хүү Д.Батгэрэл Хөх хотод үндэсний хэв шинжийг агуулсан кофе шопоо нээжээ. Тэрээр Хөх хотод амттай бөгөөд чанартай монгол хоолны газар ховор байгааг анзаарч ийнхүү бизнесийнхээ гарааг амжилттай эхлүүлсэн байна. Төрсөн нутаг, ээж, ааваасаа хол бие дааж амьдрах болсон Д.Батгэрэл хүү, бизнес эрхэлснээсээ хойш, аавынхаа мөнгийг үрээд, ээжийнхээ хоолыг идээд явж байхад амьдрал ямар амархан байгаа вэ гэж бодсон талаараа болон илүү хариуцлагатай, хөдөлмөрч байх ёстойг ойлгосон тухайгаа онцоллоо.
-Үйлчлүүлэгчдээ “эх орны амт”-аар дайлах зорилготой-
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? Ямар сургуульд, ямар мэргэжлээр сурч байна вэ?
-Сайн байцгаана уу? Намайг Д.Батгэрэл гэдэг. Би Өвөр монголын их сургуульд, Бизнесийн удирдлага, Маркетинг менежер, Олон улсын худалдаа, эдийн засаг гэсэн гурван мэргэжлээр сурч байгаа.
-19-тэй бизнес эрхлэгч тийм ч олон биш. Бизнесийнхээ гарааг хэрхэн эхлүүлэв?
-Хөх хотод монгол хоол, кофегоороо нутгийн амтыг сэргээж, монголчуудаа халуун дулаан уур амьсгалаар угтаж, эх орны амтаар дайлах зорилготой. Монголчуудын уламжлалт хоол нь мах, гурил, сүүгээр баялаг. Тиймдээ ч хонины хавиргаа гал дээр шарж, аргалын утаагаар амталдаг. Бизнес хийнэ гэдэг үнэндээ тийм амархан биш юм билээ. Бизнесийн гараагаа эхлүүлэхдээ өөрийн хадгаламж гэх мэт бүх зүйлээ бүрэн зарцуулсан. Мөн аав маань дэмжлэг үзүүлсэн.
-Яагаад кофе шопоо “Хурх” гэж нэрлэв?
-Би хөдөө нутаг, ахуйтайгаа ойрхон өссөн болохоор кофе шопоо Хурх гэж нэрлэсэн. Мал хотлоод, амьтай бүхэн амрахын өмнөх нэг тийм амгалан тайван уур амьсгалтай болдог. Хурх гэдэг нь мал сүрэг нэгэн зэрэг хурхирч, сүр хүчийг илэрхийлж буйг илтгэдэг шүү дээ. Үүнийг бодож л нэрлэсэн дээ. Мөн монголчуудаараа хурж цуглаж, нэгнээ түшиж, тулна гэсэн агуулга ч багтаж байгаа.


Processed with VSCO with al3 preset


Processed with VSCO with c1pro preset
-Хятад үйлчлүүлэгчдэдээ монголынхоо талаар ярих их дуртай-
-Кофе шопоор нь ихэвчлэн монголчууд үйлчлүүлдэг үү? Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?
-Одоогоор монголчууд гэхээс илүү хятад хүмүүс их үйлчлүүлдэг. Манай үйлчлүүлэгчид ярихдаа монголчууд аливааг ингэж хийдэг юм уу, кофе, хоол нь маш амттай байна. 19 настайдаа ингэж хийнэ гэдэг үнэхээр сайн байна. Үргэлж ирж дэмжиж байна гэж хэлдэг. Энэ нь надад их урам өгдөг юм. Манайд нэг ирсэн хүн заавал дахиад ирдэг.
-Мэдээж монгол ахуйгаа таниулахыг зорьж байгаа байх. Энэ талаараа яриач?
-Тэгэлгүй яах вэ. Би өөрөө монгол ахуйгаараа маш их бахархдаг хүн. Тийм учраас аль чадлаараа таниулахыг хичээж байгаа. Гэхдээ хоёр улсын соёлын ялгаа их учраас энд гадаадын иргэн бизнес эрхлэхдээ улсынхаа үнэт зүйлийг хэт шингээж болдоггүй юм билээ. Тийм болохоор маш жижигхэн деталь зүйлсээр ахуйгаа сурталчилдаг. Харин ирсэн үйлчлүүлэгчдэдээ монголынхоо талаар ярих их дуртай.
-Хичээлийнхээ хажуугаар бизнес эрхлэх тийм ч амар биш. Хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?
-Бага зэрэг хэцүү шүү. Гэхдээ энэ зүйлийг өөрөө хүсэж зориод, тэмүүлж хийсэн болохоор нэг их хэцүү байдаггүй. Хичээл ихтэй шалгалт шүүлэг эхэлсэн үед, ажил маань жаахан хоцрогдоод байдаг. Гэхдээ хамтарч ажиллаж байгаа баг маань маш найдвартай хүмүүс учраас алздаггүй.
-Мэдээж бие дааж амьдрах, хажуугаар нь бизнес хийгээд эхлэхээр их зүйл сурч, ойлгож байгаа байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Анх бизнесээ эхлүүлж байхдаа хүмүүс маш ихээр орж ирээд, мөнгийг их хэмжээгээр олно гэж боддог байсан. Гэхдээ бодсон шиг маань амархан байгаагүй. Тэр үед нэг л зүйлийг их бодсон. Аавын мөнгийг үрээд, ээжийн хоолыг идээд явж байхад амьдрал ямар амархан байгаа вэ гэж бодсон. Одоо маргаашийн хоолны материал, урсгал зардал, ажилтнуудынхаа цалингаас өндийхгүй байгаа ч нэгэнт эхлүүлсэн болохоор тууштай байж ард нь гарч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Ирээдүйн зорилго маань малтайгаа л ойрхон байх-
-Ирээдүйн зорилгынхоо тухай яриач?
-Би малтайгаа маш өөр өссөн. Мал хаана байна би тэнд гүйж байдаг байлаа. Хичээлээсээ ч илүүд үздэг байсан. Хичээлээ таслаад л тугалын зэл рүүгээ гүйчихдэг. Номхон морио унаад “алга болчихдог” хүүхэд байсан. 10 жилийн сурагч байхдаа өөрийгөө малын эмч болно гэж төсөөлж байсан ч одоо өөр мэргэжлээр сурч байгаа. Гэхдээ энэ бол миний сонголт. Сургуулиа төгсөж монголдоо очоод, мал аж ахуйн чиглэлээр өөрийгөө дахин боловсруулж, малаа бизнес болгоод амьдарна гэж боддог.
-Гэрийнхнийгээ хэр их санаж байна вэ?
-Гэрийнхэн гэхээс илүү хөдөө тал, мал сүргээ их үгүйлж байна даа. Хамгийн хайртай, өөрөө бүр өргөж мал болгосон хурдан азаргаа үнэхээр их санаж байна. Аав, ээжтэйгээ адилхан морио их санадаг.


Processed with VSCO with q1 preset


Processed with VSCO with g6pro preset
-Хөх хотод ирэх юм бол манайхаар заавал үйлчлүүлээрэй-
-Хөдөөгийн амьдралаас оюутан болоод, хүний нутагт сурах, ажиллах нь чиний хувьд их өөрчлөлт байсан байх. Өөр уур амьсгал хэв маягт хэр хурдан дасав?
-Эхний 1-2 дугаар сарын хугацаанд хэцүү байсан. Хэлээ сайжруулаад ирэхээр нийгэмдээ дасаж эхэлж байгаа юм. Нэг их айхтар хүндрэлгүй, хүний нутагт маш хурдан хөлөө олсон. Эхэндээ намайг сурахынхаа хажуугаар бизнес хийх гэж байгаад манай гэрийнхэн маш дургүй байсан. Харин болгоод, чадаж байгааг минь харсныхаа дараа их дэмждэг болсон.
-Нийт уншигчдадаа хандаж юу хэлмээр байна вэ?
-Уншигчдынхаа ажил амьдралд амжилт хүсье. Монгол хүн болгон эрүүл энх аз жаргалтай сайхан амьдраасай. Хэрвээ Хөх хотод ирэх юм бол манайхаар заавал үйлчлүүлээрэй.


Processed with VSCO with a1pro preset


Processed with VSCO with fa1 preset