
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн сэргэлтийн бодлого “Малчин, мал аж ахуйг дэмжих” дэд хөтөлбөр батлагдсан билээ. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд 15 сумын малчдын хоршооны төлөөлөл, малчдыг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотод мал аж ахуйн фермер, газар тариалангийн чиглэлээр туршлага судлуулав.
Энэ удаагийн туршлага судлах ажлаар Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын “Или”, “Мэнню” зэрэг сүүний томоохон үйлдвэрүүдийн сүү боловсруулах үйл ажиллагаа, өрхийн ферм, газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлийн техник, технологи, сүү, цагаан идээ боловсруулах тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй танилцсан юм. Ингэснээр хөдөө, орон нутагт малчид, малчдын хоршоод хэрхэн үйлдвэрлэл эрхлэх, эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэлээ яаж өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой вэ гэдэг туршлага хуримтлуулж ирэв.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Эдгээр хоршоо эрхлэгч малчид маань судалж ирсэн туршлагаасаа боломжтой зүйлсийг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, дундын хоршоо байгуулах, цаашид үйлдвэр байгуулах хэмжээнд хүртэл санал санаачилга гаргаж, сурсан мэдсэнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэн аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна байх гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлэв.