
УИХ-ын гишүүдийг амьдралаас тасарчээ гэж ярих нь олонтоо. Гэвч нидэр дээрээ зөвхөн гишүүд ч биш НИТХ-ын төлөөлөгчид ч амьдралаас тасарчээ. Ж.Энхжаргалан Хан-Уул дүүргээс сонгогдон НИТХ-ын төлөөлөгч болсон нэгэн. Төлөөлөгчийн ажлын хажуугаар “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нийслэл хотынхоо амьдралыг сайжруулна гэж сонгогдсон төлөөлөгч атлаа “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг өнөөдөр хүүхдээ авч ирж үзүүллээ. Хичээлээ олигтой хийхгүй бас ээжийнхээ үгэнд орохгүй болохоор нь хичээл номдоо сайн шамдахгүй бол амьдрал хэдхэн км цаана ямар байгааг бодитоор харууллаа” хэмээн ардын амьдралыг “тавлажээ”.
Ардын амьдрал улстөрчид болон нийтийн албан тушаалтны хувьд музейн үзмэр биш байлтай.
Заавал костюм өмсөж, зангиа зүүхээрээ лаг ажил хийдэг гэсэн үг биш шүү дээ. Хүн хаана ч ямар ч ажил хийж болно. Хуушуур хийж зардаг, гутал өнгөлдөг, хог түүдэг ч байж болно. Хулгай хийж, худлаа ярьсангүй. Тийм байтал бусдын амьдралыг үр хүүхдэдээ үзүүлэн болгож, түүнийгээ гайхуулмаар аяджээ. Нийтийн албан тушаалд сонгогдчихоод үнэнхүү мэдрэмжгүй, ёстой л “хөлдүү төмс” юм даа.
Өмнө нь нэг иргэний сэтгэгдэлд “НИТХ-ын төлөөлөгч хүнтэй чи ингэж харилцахгүй шүү” хэмээн бас л иргэнийг тавлаж байсан удаатай. Сар болоод л сошиалд шуугиан тарих гэдэг явцгүй ч юм даа.