
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөгөөр гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг тендергүй оруулж ирсэн гэх баримтыг цахим хуудсаараа дэлгэж, олны анхаарлыг татсан.
Тэрээр энэ талаар ярихдаа, “Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чи төрийн өндөр албан тушаал хашиж, ёс зүйтэй ажил хийж байгаа шүү. Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чи хэлсэн шигээ хоёр дахин хямд, чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй. Би харин Эрүүл мэндийн даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөгөөр гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг тендергүй оруулж ирсэн баримтыг дэлгэж байна” гэсэн юм.
Бид асуудалтай холбогдуулан ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас 9.6 тэрбум төгрөгөөр гаднын таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг тендергүй оруулж ирсэн гэх асуудал олны анхааралд байна. Энэ тухай тайлбарлаач?
-Өчигдөр Ж.Чинбүрэн гишүүний лайвыг үзсэн. Түүн дээрээ ЭМДЕГ-тай холбоотой хэд хэдэн баримт яриад байх шиг байсан. Энэ бол өнгөрсөн оны 11 дүгээр сард, гэрээ хэлцэл хийж байх явцад, эмийн агентлагаас ирсэн тоон мэдээлэл дээр тооцоолол хийж өгсөн манай газрын бичиг байгаа. 9.6 тэрбум төгрөг байна гээд 2024 оны 11 дүгээр сард гарсан тооцоолол. Өнөөдрийг хүртэл эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжиж орж ирсэн эмийн гүйцэтгэл, гарсан санхүүжилт нь нийлээд 1.6 тэрбум төгрөг байгаа. Нэг эх үүсвэрээс орж ирсэн эмийн санхүүжилтэд гарсан гэсэн үг. Энэ санхүүжилтийг яаж зохицуулж шийдвэрлэж байгаа вэ гэхээр, Засгийн газрын 42 дугаар тогтоолоор зохицуулж байна. Энэ хүрээнд яам дээр тусгай сан байгуулаад, сан дээр шилжүүлэн хийгдсэний дараа агентлагаар дамжаад явдаг. Энэ хүрээнд даатгалын сангаас нийтдээ 1.6 тэрбум төгрөг тусгай сан руу шилжээд явсан л гэсэн үг.
-Ж.Чинбүрэн гишүүн барьсан цаасныхаа учрыг олохгүй хүн гүтгээд байна гэсэн үг үү?
-Баримт гээд байгаа цаас нь тооцоолол төдий зүйл. Би өнөөдөр түүнийг нь олж уншсан. Та бүхэн уншсан ч гэсэн маш тодорхой байгаа. ийм тооцоолол гарахаар байна гэдэг юм л бичиж өгсөн байгаа.