
2025 оны төсвийн тодотголоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчийн зарим эмнэлгийн барилгыг засварлаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-д их засвар хийж, шинэчилнэ. Клиник төвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс засвар дуустал Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн харьяа Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах салбар амбулаторид түр хугацаагаар шилжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүллээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрбаяр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын салбар хяналтын байцаагч нарын дүгнэлтээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ийнхүү их засвар, шинэчлэлтийн хүрээнд гадна, дотор тохижилтыг орчин үеийн хэв маягтай болгохоос гадна шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Цаашид эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүүхдийн 100 ортой тасаг, 12 төрлийн кабинет, дотрын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна” гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС