
90 мянга гаруй хүн Пап лам Францистай салах ёс гүйцэтгэжээ
Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлснээр өнгөрсөн лхагва гарагийн 11 цагаас пүрэв гарагийн 19 цагийн хооронд 90 мянга гаруй хүн Пап лам Францистай салах ёс гүйцэтгэжээ.
Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн Пап лам Францис өнгөрсөн даваа гарагт 88 насандаа таалал төгссөн юм. Пап лам Францисын шарилыг өнгөрсөн лхагва гарагийн өглөө 9 цагт Санта Марта өргөөнөөс зөөвөрлөн, Гэгээн Петрийн сүмд олон нийтийн хүндэтгэлд зориулан байршуулсантай холбоотойгоор түүнтэй салах ёс гүйцэтгэх гэсэн мянга мянган иргэд Гэгээн Петрийн цогчин дуганы гадаа дугаарлан зогсжээ.
Пап лам Францисын гэрээслэлийн дагуу модон авсанд байршуулсан түүний шарилыг зэрвэс ч болтугай харах гэж олон цагийн турш дугаарлан зогсох сүсэгтэн олонд хүндэтгэл үзүүлэх боломжийг олгохын тулд лхагва гарагийн шөнө 00:00 цагт хаалгаа барих ёстой байсан Гэгээн Петрийн цогчин дуган үүрийн 05:30 цаг хүртэл сүсэгтэн олныг хүлээн авч, өглөө нь 07:00 цагт дахин хаалгаа нээжээ.
Пап лам Францисыг оршуулах ёслол ирэх бямба гарагт Гэгээн Петрийн талбайд болно. Мөн Ватиканы мэдээлснээр оршуулах ёслолд дэлхийн 50 орны төрийн тэргүүнүүд оролцох аж. Оршуулах ёслолын үеэр Ром хотын авто замын хөдөлгөөнийг хаах ажээ.
Энэ нь оршуулгын цуваа Гэгээн Петрийн талбайгаас Пап лам Францисын шарилыг тавих газар болох Ромын Санта Мария Мажоре сүм рүү саадгүй зорчих, ромчуудад сүүлийн удаа Пап ламтай салах ёс гүйцэтгэх боломжийг олгох юм байна.