
Өнөөдөр Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар гурван байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Төгрөг нуурын орд”-той холбоотой гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Иймд дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн байна.
Уг тогтоолын дагуу ирүүлсэн материалуудыг хүлээн авч хянаад “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй”, “Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байгаа аж. Хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарах асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх үед хамтарсан ажлын хэсэг байгуулдаг. Улмаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт ирүүлсэн. Иймд Улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна гэлээ.
ТУХАЙН ХЭРЭГТ ХОЛБООТОЙ АЛБАН БАЙГУУЛЛАГА ХУВЬ ХҮНИЙГ ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ, МӨН ТОО ЗААЖ ХЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
Өнөөдрийн байдлаар тухайн хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж яллагдагчаар татаагүй байгаа аж. Мөн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” болон “Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй” , “Мөнгө угаасан байж болзошгүй” гэх үйлдлүүд гарсан байж болзошгүй. Бүгдийг нь хамруулан шалгаж байгаа талаар мэдээллээ.
Өнөөдөр бол хэрэг бүртгэл нь л шалгагдаж байна. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй. Гэхдээ хэргийг түргэн шуурхай илрүүлэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан гэлээ.
Түүнчлэн тухайн хэрэгт холбоотой албан байгууллага, хувь хүнийг зарлах боломжгүй. Мөн ямар нэг тоо зааж хэлэх боломжгүй.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт этгээдүүд гадагшаа зугтчихдаг. Иймд Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссаны дараа нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, холбогдох мэдээллийг өгөх боломжтой гэв.
Л.ДҮГЭРЖАВ АГСНЫ ОХИН ХАМГААЛАЛТ ХҮССЭН, ЭНЭ ХҮРЭЭНД МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙГАА
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайн хэрэгт гэрч хохирогч эсвэл хэргийн оролцогчоор оролцож буй этгээдийг дээрх хуулиудад зааснаар хамгаалалтад авах зохицуулалт бий. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэлээ.