
Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж, эхнэрт нь эсвэл нөхөрт нь баригдсан гуравдагч этгээдийг 5-10 сая төгрөгөөр торгох, баривчлах, албадан ажил хийлгэх санаачилгыг иргэн гаргасан байна. Энэхүү санаачилга одоогийн байдлаар 5400 хүний гарын үсгийг цуглуулсан. Саналыг 100 мянган хүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх юм. Бид үүнтэй холбоотой сэтгэл зүйчээс тодрууллаа. Аливаа зүйлийг хорьж цагдах тусам тухайн хүсэл өдөөгдөж байдаг талаар мэргэжлийн үүднээс тэр тайлбарласан юм.
Энэ талаар сэтгэл зүйч Я.Батхүү ярихдаа, “10 хүнээс араар тавилт зөв үү гэж асуухаар, ес нь буруу гэж хариулдаг. Та өөрөө араар тавьж байсан уу гэхээр, 10 хүний ес нь араар тавьж байсан байх жишээний. Араар тавилтыг хуульчилъя, торгодог, шийтгэдэг болъё гэх санаачилга иргэн гаргасныг буруутгах асуудал байхгүй. Нэг талаараа нийгэмд буй асуудлыг хориглох ёстой, шийдэх ёстой гэж бодож байгаа боловч үндсэн асуудал нь тухайн хүний л асуудал байгаа. Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд ийм санаачилга гаргаж байгаа болов уу гэж бодож байна. Гэвч энэ нь тухайн хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж, нийгмийг цэгцэлж, араар тавилтыг байхгүй болгочихно гэдэг худлаа. Хуульчлахаасаа илүү соён гэгээрлийн ажил хийх ёстой гэж үзээд байгаа юм.
АНУ-д 1980-аад оны үед чөлөөт сексийн хувьсгал гэж гаргасан л даа. Энэ хувьсгал Америкийг маш аюултай байдалд оруулсан. Түүнээс болоод бэлгийн чиг хандлагуудын асуудал гаарч, дээр нь ДОХ гарч эхэлсэн. Аливаа зүйл хязгаартай байхгүй бол улс мөхөх юм байна гэдгийг тэндээс харж болно. Гэр бүл нийгэмд маш хэрэгтэй юм байна.
Нэгэндээ үнэнч байх, бэлгийн нэг хамтрагчтай байх гэдэг цаад хүнээ бодохоос илүү өөрийгөө бодож байгаа юм байна. Үнэнч байх үүрэг биш, өөрт хэрэгтэй зүйл гэдэг ухамсрыг л суулгах хэрэгтэй.
Хүний тархи алдаатай бодлогод маш их кодлогддог. Зөв ч бай буруу ч бай түүнийг хүчжүүлээд байх юм бол, түүнийг сонирхох магадлал өсөөд байна. АНУ-д нэг хэсэг архийг маш хатуу хориглосон шүү дээ. Түүнээс үүдэлтэй архидалт ихэссэн. Сөрөг үзэгдлүүд нь ихэссэн. Ингээд хуулиа сулласантай агаар нэг гэж хэлэх гээд байна” гэлээ.