
Истанбулд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өнгөрсөн лхагва гарагт Истанбулын эрэг дагуу 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн голомт Истанбул хотоос баруун зүгт 70 орчим км зайд байрлах Силиври хотын ойролцоо Мармарын тэнгист бүртгэгджээ.
Истанбул хотын удирдлагууд газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй болохыг онцолж, газар хөдлөлтийн үеэр айж сандарсандаа өндрөөс үсэрч гэмтсэн 151 хүн байгаа тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн газар хөдлөлтийн үеэр орон сууцны барилгуудад эвдрэл гэмтэл бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн Фатих дүүрэгт байрлах эзэнгүй барилга нурсан аж.
Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликая газар хөдлөлтийн голомт 7 км гүнд байсан болохыг мөн газар хөдлөлт 13 секунд үргэлжилж, түүний дараа нийт 51 чичирхийлэл бүртгэгдсэний хамгийн хүчтэй нь 5.9 магнитудын хүчтэй байсан тухай мэдэгджээ.
Дахин хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй хэмээн айж эмээсэн олон зуун иргэд гэртээ бус гадаа хоноглохыг илүүд үзсэн байна.
Хамгийн сүүлд 2023 оны 2-р сард Туркийн Газиантеп мужид 24.1 км гүнд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Тус газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.