
-800 тэрбум төгрөгийн татаас бүхий хөнгөлөлттэй зээлийг ямар байгууллагууд хүртэв-
Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд, зөвхөн 2025 онд гэхэд л 800 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгохоор төлөвлөж, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулан 66 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан талаар өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар зээлийн санхүүжилт дууссан буюу Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл олголт зогссон талаар Ноолуур судлаач Р.Бадмаанямбуу хэллээ.
Тэрээр, “Зээл дууссантай холбоотой олон жижиг дунд бизнес эрхлэгч, ААН-үүд над руу хандаж байна. ХХААХҮЯ-аас зээлийн зузаатгал хийх асуудлыг Сангийн яаманд тавьсан юм билээ” гэв.
Арилжааны банкнуудын зээлийн хүү дунджаар 17-18 хувь байдаг. Харин Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээлийн хүү 8-9 хувь ба ХХААХҮЯ-аас 10 хувийг нь төлөх юм.
Харин Цагаан алт хөдөлгөөний хүрээнд ААН-үүдэд олгож буй зээлийг өөрийн хөрөнгөөр, Засгийн газрын татаастайгаар олгож байгаа арилжааны банкнуудын төлөөлөл болох Монголын банкнуудын холбооны зүгээс уг хөдөлгөөний хүрээнд зээл олгосноор ХАА-н салбарт олгосон зээл 12%-иар өмнөх оноосоо нэмэгдсэн гэдгийг хэллээ. Гэхдээ хэн гэж банк, хэн гэдэг ААН-п ямар хувийн хүүгээр хэчнээн төгрөгийн зээлийг олгосон болох нь тодорхойгүй байна. Үүнийг тодорхой болгож, олон нийтэд нээлттэй байлгах нь Засгийн газрын үндсэн үүрэг боловч Цагаан алтны санаачлагч, хэрэгжүүлэгч аль аль нь зориулалтын зээлийн санхүүжилт нь дуусчхаад байхад мэдээллээ ил тод болгохгүй байгаа нь гоё нэртэй, гоё хөдөлгөөний цаана тэрбум тэрбум төгрөгийг банкнуудаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр хэн нэг этгээдэд, ААН-д өгсөн байх вий гэх хардлага үүсэж байна.
Зөвхөн хардлага ч биш Цагаан алт угтаа үнэгүйдээд байсан малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ үнэд хүргэж, түүнийг үйлдвэрлэгч малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх “мөрөөдөлтэй” боловч эсрэгээрээ түүхий эдийг нь үнэгүйдүүлж, малчдын гар цайчхаад байгааг бодит байдал гэрчилж байгаа юм.
Малчид жилийн орлогынхоо дийлэнх хувийг ноолуураас бүрдүүлдэг. Тэгвэл энэ оноос 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр Засгийн газраас гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж байна гэж малчид шүүмжилж байна.
Аймгуудын ХХААГ-аас мэдээлснээр ямааны ноолуурын үнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар:
- Архангай аймагт 120.000-125.000 төгрөг
- Баян-Өлгий аймагт 90.000-100.000 төгрөг
- Говь-Сүмбэр аймагт 125.000-130.000 төгрөг
- Дунд-Говь аймагт 110.000-120.000 төгрөг
- Дорнод аймагт 160.000 төгрөг
- Сүхбаатар аймагт 150.000 төгрөг
- Хэнтий аймагт 150.000-160.000 төгрөг
- Орхон аймагт 135.000-137.000 төгрөг
- Өмнөговь аймагт 80.000 төгрөг
- Хөвсгөл аймагт 130.000-135.000 төгрөгийн ханштай байна.
2023 онд ноолуурын үнэ аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс, 2024 онд 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ жил кг нь 80 мянган төгрөгөөс эхэлж байна. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд ноолуурын үнэ тогтворгүй, 150 мянган төгрөгөөс илүү өсөхгүй гэдгийг худалдаачид хэлж байгаа юм.
Энэ талаар малчдын төлөөлөл “Манай сум 83 мянган ямаатай. Жилд дунджаар 33 тонн буюу 33 мянган кг ноолуур бэлддэг. Малчид жилийнхээ орлогын 50 хувийг ноолуураасаа бүрдүүлдэг. Гэтэл угааж, самнаж гаргана гэснээс болоод ноолуурын үнэ нэг кг тутамдаа дор хаяж 30 мянган төгрөгөөр буурлаа. Үүнээс болоод зөвхөн манай сумын малчид л гэхэд 99 сая төгрөгийн орлогоо алдахад хүрээд байна. Сайд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулж, боломжийн үнэтэй байна гээд байх юм. Мөнгөний ханшны уналт ямар байгаа билээ. Бас уналт тавхан хувьтай байна гэх юм. Гэтэл бодит байдал дээр манай суманд төдийгүй хаа сайгүй 30-40 мянгаар буучхаад байна” гэлээ.