
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд болох Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар ОХУ-Украины дайн, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлаар Европын эрх баригчидтай хэлэлцээ хийхээр энэ пүрэв гарагт Франц улсын нийслэл Парис хотод айлчлах аж.
Парист хийх айлчлалынхаа үеэр С. Уиткофф Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах бол М. Рубио Францын Гадаад харилцааны сайд Жан Ноэль Барротой уулзаж, ОХУ-Украины дайнаас гадна Ойрх Дорнод, Ираны цөмийн шинэ гэрээ зэргийг хэлэлцэх аж.
Тусгай төлөөлөгч С. Уиткофф ирэх бямба гарагт Ром хотод айлчилж, Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагхчитэй Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх ба талууд өнгөрсөн долоо хоногт Оманд уулзаж ярилцсан юм.
Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Ерөнхийлөгч Д. Трамп Тегераныг Вашингтонтой цөмийн шинэ гэрээ байгуулахыг шахан шаардаж байгаа ба өнгөрсөн даваа гарагт Д. Трамп Тегеран АНУ-тай ойрын хугацаанд гэрээ байгуулахгүй бол Ираны цөмийн объектуудыг бөмбөгдөнө хэмээн заналхийлсэн юм. Тэрээр Иран цөмийн гэрээ байгуулах явдлыг санаатайгаар сунжруулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, өнгөрсөн мягмар гарагт үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцжээ.