
Америкийн алдарт Time сэтгүүл 2025 оны дэлхий хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэжээ. Time сэтгүүл жил бүр тухайн оны улс төр, энтертэйнмент, технологи, урлаг, спорт зэрэг салбар салбарын нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг танилцуулдаг уламжлалтай.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын жагсаалтанд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, тэрбумтан Илон Маск, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, ХБНГУ-ын дараагийн канцлер гэгдэж буй Фридрих Мерц, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Сирийн Ерөнхийлөгч Ахмед аш Шараа нар бичигджээ. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд Time сэтгүүлийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад хамгийн олон удаа буюу долоон дахь удаагаа бичигдэж байгаа бол Илон Маск зургаа дахь удаагаа, Марк Цукерберг тав дахь удаагаа тус тус бичигджээ.
Урлагийн салбарын нөлөө бүхий хүмүүсээр дуучин Эд Ширан, жүжигчин Скарлетт Йоханссон зэрэг уран бүтээлчид, “Icons” буюу олны хүндлэлийг хүртсэн нөлөө бүхий хүмүүсээр жүжигчин Деми Мур, Эдриэн Броуди, нөхрөөсөө болж олон жилийн турш олон арван танихгүй эрчүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн францын иргэн Жизель Пелико нар нэрлэгджээ. Түүнээс гадна дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд теннисчин Серена Уильямс, Blackpink хамтлагийн гишүүн Rosè, Хятадын Deepseek хиймэл оюун ухаан бүхий чат ботыг бүтээсэн Лян Вэнфэн, рэппер Snoop Dogg нар тус тус багтжээ.