
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн удирдагч Андреас Штюве, төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Нэгдүгээр бүрэлдэхүүний хэсгийн ахлагч Доктор Арнд Вайшаупт, Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны Германы сангийн ажилтан Катарина Тегедер нарыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар нар оролцов.
Уулзалтын үеэр Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа Европын холбооноос ”Монгол Улсын шүүх засаглалыг бэхжүүлэх” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд хөтөлбөрийн хүрээнд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, шүүх эрх мэдлийн бусад байгууллагатай холбогдсон мэдээллийн нэгдсэн сантай болох, мөн шүүгчийн сахилгын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах, зөрчлийг бууруулах чиглэлд холбогдох хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах судалгааг мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хийлгэх зэрэг саналыг уламжиллаа.
Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх дээрх төсөл хөтөлбөрийг Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран 2025-2027 онд хэрэгжүүлэх бөгөөд Шүүхийн сахилгын хорооны талаас гишүүн Г.Цагаанцоож төслийг ахалж ажиллана.
Тус төслийг хэрэгжүүлснээр шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, цахимжилтыг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн нэгдмэл хэрэглээ, хэрэгжилтийг сайжруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.