
“Засгийн газрын авто бааз”-ыг төрийн албан тушаалтнуудад автомашинаар үйлчилдэг төрийн байгууллага гэх ойлголт иргэдэд бий. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлэх маркетинг видео цацагдсан нь олны бухимдлыг төрүүлж, Засгийн газрын авто бааз таксинд явахад туллаа гэх шүүмжлэлийг дагуулж байна. Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн байгууллага өөрийн автомашинтай байхыг хориглож, нэгдсэн нэг журамтай байя, сайд, дарга нар машин унах бол яамны төсвөөсөө түрээсэлж, өөрсдийнхөө орлогоор санхүүждэг ААН байгуулсан. Одоо сайд дарга нар машин унахдаа өөрсдийнхөө төсвөөс түрээсийн төлбөр шилжүүлдэг. Ингэхээр жолоочдын цалингаас эхлээд урсгал зардлаа олохын тулд орлогоо нөхөх хэрэгцээ үүссэн. Та бүхэн санаж байгаа бол, UB cab шиг болно. Эндээс орлогоо олдог болно гэж 2-3 жилийн өмнө шийдэж байсан.
Үнэхээр эндээс машин тэрэг авч унахгүй, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлж байгаа бол машин тэргээ цөөрүүлэх хэрэгтэй. Жолооч нарынхаа тоог цөөрүүлэх хэрэгтэй. Би ч гэсэн тэндээс машин авч унаж үзсэн. Маш үнэтэй.
Цэнхэр дугаар зүүгээд, ААН-үүдтэй өрсөлдөж байгаа нь хүч тэнцвэргүй тулаан гэж иргэд бухимдаж байна. Хэрвээ төрийн өмчит компани шиг ажиллах гэж байгаа бол машиныхаа тоог цөөлөх хэрэгтэй. Анхных нь хөрөнгө оруулалт татвар төлөгчдийн мөнгө байгаа нь л буруу.