
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохиогдож буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү санхүүгийн кодыг Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж байгаа юм.
“Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Гэвч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж байгааг албаныхан хэлж байна.
Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр нь нэг удаагийн төсөл бус, харин системтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурь болж байгааг сайшаалаа. Монгол Улс 2024 онд энэхүү санаачилгад нэгдсэн нь манай эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор дэмжих, өгөгдөлд суурилсан бодлого хэрэгжүүлэх чиглэлд чухал ахиц гаргасан үйл явдал гэдгийг тодотгоод, тус хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, менежмент, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, цаашлаад тогтвортой өсөлт, өрсөлдөх чадвартай бизнес эрхлэхэд нь бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” нь зөвхөн хөтөлбөр биш, харин хамтын манлайллын жишиг юм. Энэхүү хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн, илүү хүртээмжтэй, тэгш эдийн засгийн хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалж байна. Өнөөдөр бол шатны эхлэл. Бид “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-ын суурийг тавьж чадсан, одоо түүнийг тогтвортой хөгжүүлэх, мэдээлэлд суурилсан бодлого гаргах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор санхүүгийн урсгалд холбох цаг ирлээ. Энэхүү замналд бид ганцаараа биш, харин хамтдаа байх болно гэдэгт би итгэлтэй байна гэлээ.
Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн зах зээлийн сургалт судалгааны хүрээлэнгээс явуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой санхүүжилтийг дэмжих замаар банкнуудын оролцоог нэмэгдүүлэх боломж” судалгааны үр дүнгээс үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендерийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн орчин сул зэрэг нь тулгамдсан асуудлууд болж байгаа юм.