
Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард нийт 146.476 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10.164 буюу 6.9 хувийг хүүхэд хохирсон гэмт хэрэг эзэлж байна.
Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байгаа аж. Сүүлийн 5 жилийн хугацаанд үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 29 буюу 8.3 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Дээрх гомдол мэдээллийн 311 буюу 88.9 хувь нь нийслэлд, 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
- Нийслэлд бүртгэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой гомдол, мэдээлэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 3, 16 дугаар хороодод хамгийн их бүртгэгджээ.
- Орон нутагт Орхон аймгийн Баян-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн их бүртгэгдсэн байна.
Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь өсвөр насныхан эзэлдэг. Тэдний 74 хувь нь цахим орчны идэвхтэй хэрэглэгч байдаг аж. Үүнээс гадна цахим орчинд идэвхтэй байгаа хүүхдүүдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь нь эрэгтэй юм байна.
Youtube хуудас хэрэглэдэг 2.5 сая иргэн байдгаас 70 хувь нь өсвөр насныхан. Хуурамч хаяг байгаа нь цахим дээрэлхэлтийн нэг хэрэгсэл болж, тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг ХЗДХЯ-ны дээрх судалгаа харуулж байна.
Харин өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл нийтлэгдсэн тухай бүр цагдаагийн байгууллагаас хариу арга хэмжээ авч, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээр шалгуулж, устгуулах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг байна.
Өнгөрсөн онд бага насны хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор фейсбүүк олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, хүүхдийг садар самуунд уруу татсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан 196 цахим хуудас болон групп хаягийг тогтоон устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Хамгийн сүүлд Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үе тэнгийн дээрэлхэл, цахим орчны ялгаварлан гадуурхалтын бодит статистик мэдээлэл цуглуулах зорилгоор цахим санал асуулгыг ерөнхий боловсролын 530 сургуулийн 99.118 сурагчаас авсан байна.
Судалгаанд оролцсон сурагчдын
- 54.6 хувь нийслэлд,
- 45.4 хувь нь орон нутаг суралцдаг,
- 57.3 хувь нь эмэгтэй,
- 42.7 хувь нь эрэгтэй
Сурагчдын
- 55.4 хувь нь фэйсбүүк,
- 31.2 хувь нь инстаграм,
- 10.3 хувь Youtube,
- 7 хувь нь Tiktok ашигладаг гэжээ.
Судалгаанд оролцогчдын
- 9.9 хувь нь цахим орчны ялгаварлан гадуурхалтад,
- 16 хувь нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан гэжээ.
Үүний 1439 буюу 8.8 хувь нь цахим орчинд гэдэг хариулт өгсөн байна.
Хүүхдүүд сургуулийн орчныг хамгийн ихээр гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирдог газар хэмээн нэрлэсэн байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд цахим орчинд үйлдэгдсэн 40900 гэмт хэргийн улмаас нийт 459 хүүхэд өртөж хохирсон бөгөөд жилийн дундаж өсөлт нь 62.2 хувьтай байна.
Мөн үндэсний хэмжээнд хүүхэд, өсвөр насныхан, залууст зориулсан 24/7 үнэгүй сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг үйлчилгээ, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш, сургууль болон олон нийтэд дээрэлхэл, цахим дарамтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар иж бүрэн мэдээлэл, нөөцүүдийг санал болгох цахим сайт зэрэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг ХЗДХЯ-аас танилцууллаа.