
Сүхбаатар дүүргийн VI хороо, Дашчойлин хийдийн ард байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилгыг нийслэлээс өчигдөр шөнө албадан чөлөөллөө. Уг обьект эмийн 1952 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг талаар хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Түүнчлэн барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгааг онцлов.
Тэрээр, “Энэхүү эмийн үйлдвэрийн барилгыг олны танил Ж.Хатанбаатар эмч менежментийн гэрээгээр авсан. Тухайн үед менежментийн гэрээгээ хангалттай биелүүлсэн гэж үзээд орон сууц бариулах шийдвэр гаргуулж. Энэ шийдвэрийн хугацаа дуусаж хүчингүй болсон байна. Менежментийн хувьчлал хөрөнгө оруулалт гэж ийм балгасыг хэлэхгүй. Тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн нураах шийдвэр гаргасан. 2010 оны НЗД, НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Одоо энэ газар нийслэлийн өмчид бүхэлдээ шилжиж ирсэн. Ж.Хатанбаатар эмчийн хамаарал бүхий хүмүүст энэ сарын 15-ны өдөр гэхэд барилга, газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү 3150мкв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдана” гэлээ.