
Сайн мэргэжилтэн, супер тамирчин зөвхөн өөрөө бий болчихдоггүй. Гагцхүү тэднийг сайн багш, сайн зааж сурган, чиглүүлдэг дасгалжуулагч товойлгон гаргаж ирдэг гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ…
Монголчууд нөгөө хааяадаа ярьдаг даа. “Багшийн эрдэм шавьд” гэдэг.
Салбартаа тэр дундаа оюуны спортын гал тогоонд чанагдаж явсан, өдгөө олон арван шилдэг шавь нарыг бэлтгэн төрүүлж яваа “Стейниц” академийн үүсгэн байгуулагч, Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхбаяртай цөөн хором ярилцлаа.
–Сайн байна уу? Дасгалжуулагч, багш хүний хамгийн гол зорилгуудын нэг шавь нар нь амжилт гаргах. Тэр дундаа тогтмол амжилтаа ахиулж, өөдөө тэмүүлж байх ёстой болов уу?
-Сайн байна уу? Миний хувьд эргээд өөрөө шатар тоглож эхлээд ажлын байран дээрээ шатраа тоглоод эхэлсэн. Тэрнээсээ авах сэтгэл ханамж, кайф илүү бадраад ирсэн л дээ.
Тэгээд ер нь би хүүхэд байхдаа өөртөө хүсэж явсан, дутагдаж байсан зүйлийг ирээдүй Монголынхоо хойч хүүхдүүдэд заах нь миний шатар зааж байгаа шатрын дасгалжуулагч болсон гол хүчин зүйл юм.

-Тэгэхээр яалт ч үгүй энэ спортоосоо салж чадалгүй, эргээд иржээ дээ?
-Тийм. Хүн болгон сайн дасгалжуулагч болчихдоггүй. Харин ажилдаа дуртай, түүнээс аз жаргал, кай, эерэг мэдрэмж авч дурлаж ажиллана гэдэг нь бүхнээ зориулж байнаа л гэсэн үг. Эндээс л би юу илэрхийлэх гээд байгаа юм гэхээр мэдээж шатрын цолтой хүн болгон л маш сайн дасгалжуулагч байдаггүй, супер зөвлөх байж чаддаггүй. Хамгийн гол нь энэ зүйлдээ дуртай, өөрөө цаанаасаа бас тодорхой хэмжээний багш болох ур чадвартай, өгөгдөлтэй байдаг. Одоо багш хүн өөрөө төрдөг гэж ер нь бол ярьдаг. Өөрөө цаанаасаа ингэж бусдад юмаа заая, ирээдүй хойчдоо өгье гэсэн ийм хүсэл тэмүүлэл буюу пайшн өөрөө хамгийн чухал. Энэ өөрөө л тэр шавь нарыг сайжруулах нь манай академийн хувьд бол салбарынхаа түүчээ болж ирсэн.


-Танай академи оюун ухааны спортод өнгө, хүч, өөрийн гэсэн онцгой төрхтэй Хэзээ үүдээ нээж байв?
-“Стейниц” академийг 2019 оны намар үүсгэн байгуулсан. Бид нар 5 жил хагас, одоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх ерөөсөө ганцхан л өрөө байлаа. Би яг өөрөө 20 хүүхдэдээ л хичээлээ заагаад, үйл ажиллагаа эхлээд, хариуцаад л эхэлж байсан. Тэр цагаас хойш бид нар өсөж хөгжөөд, өнөөдөр 15 дасгалжуулагчтай болсон байна. Бид нарын үндсэн суралцагч буюу ажлын 5 өдөрт сурдаг 180-аас 200 хүүхэд байна. Бусад нь гэвэл 300 хүүхэд маань цахим ангийнхан эсвэл амралтын өдрийн ангийнхан байна. Шатрын спортод илүү дур сонирхолтой, дуртай, хоббигоороо явж байгаа хүүхдүүд яг мэргэжлийн тамирчин болон бэлтгэгдэж буй 150-аас 200 орчим хүүхэд суралцаж байна.


-Танай академийн шилдэг буюу онцлох шатарчдыг танилцуулбал?
-Хамгийн том топ, манай суралцагч гэвэл яг одоо миний цолтой адилхан Олон улсын шатрын холбооны мастер цолтой Энхрий гээд хичээллэж байгаа. Манай академийн хамгийн топ шавь энэ хүүхэд. Түүний араас нь дөнгөж сая Серби улсад сурагчдын дэлхийн аваргад оюун ухаанаа сорьсон манай 13 настай охин, 17 насны ангилалд түрүүлээд яг одоо багшийнхаа цолтой адилхан буюу олон улсын шатрын холбооны мастер цолоо хүртэж байна. Мөн Олон улсын шатрын холбооны дэд мастер цолтой 4-5 суралцагч байна. Мөн энэ цолыг авах боломжтой 10-аас 20 суралцагч явж байна.
-Олон улсын цол зэрэгтэй хэдэн шатарчид хичээллэж байна вэ?
-Ази тив дотроо зүүн бүсэд манайх харьяалагдаж байгаа. Зүүн бүсийн одоо медальтай хүүхдүүд гэвэл 30 орчим хүүхэд байна. Ингээд үндсэндээ 80 орчим хүүхэд шатрын спортын ямар нэгэн цолтой, өөрсдийн нэрийнхээ ард ирээдүйн түүхэндээ өөрийн си ви дээрээ бичигдэх шатрын амжилтаа үзүүлсэн.
-Академийнх нь цаашдын зорилго, зорилт юу вэ?
-Манай Монголын топ Их мастер Шаравдорж, Их мастер Хатанбаатар гээд хамгийн том хоёр Их мастерууд байна. Араас нь Гүндаваа, Батчулуун нар орно. Тэд өөрсдөө 20 орчим жил энэ спортоор хичээллэж байгаад Их мастер болсон хүмүүс байдаг. Маш амаргүй, олон жилийн нөр их хөдөлмөр, даваа саадтай. Бид нарын хувьд бол богино хугацаанд 10 жилийн дотор олон Их мастер төрүүлэх нь нэгдүгээрт бид нарын том амбиц байна. Их мастер болно гэдэг бол бид нарын мэдээж гол зорилгуудын нэг. Манай академиас Их мастер гэдэг шавь байхгүй байгаа. Яагаад гэхээр Их мастер цолтныг төрүүлнэ гэдэг чинь өөрөө 10-аас 20 жилийн хугацаа зарцуулдаг маш хүнд ажил.
Хоёрдугаарт Их мастер гэдэг бол бид нарын эцсийн цэг бол биш ээ. Тэр бол энэ процесс дунд авах ёстой зайлшгүй зүйлүүд. Нэг цол мөн цаашаа бид нар ер нь дэлхийн аварга бэлтгэн төрүүлье гэдэг ийм том хүсэл тэмүүлэлтэй зорьж яваа.
Ярилцсанд баярлалаа.