
Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн Ара арена цогцолборт эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд зарим шаардлагатай шийдвэрийг газар дээр нь гаргаж, бүсчилсэн хөгжлийн бодлого хурдтай, тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгоход онцгойлон анхаарч байгаагаараа энэхүү хуралдааны ач холбогдол туйлын өндөр юм.
ИЙНХҮҮ ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ХУРДТАЙ ШИЙДВЭРЛЭХ “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” ОРОН ДАЯАР ХЭРЭГЖИХ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Олон улсын бүсчилж хөгжүүлэх бодлого, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загварууд боловсруулагдсанаар бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт цоо шинэ шатанд яригдах болсон.
Хөдөө, орон нутгаас Нийслэл Улаанбаатар хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр хүн амын хэт төвлөрөл, үүнээс улбаатай олон асуудлуудыг бий болгож байгаа нь “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” яагаад чухал вэ гэдгийн нотолгоо болж байна.
Энэ хэт төвлөрлийг задлах ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖЛИЙН ГАРЦ бол бүсчилсэн хөгжлийн бодлого юм. Зөвхөн Монгол Улс төдийгүй, манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ бүсчилсэн хөгжлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Түүнчлэн Ази, Европын өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Бүсчилсэн хөгжлийн бодлогоор эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлж илүү үр нөлөөтэй, үр өгөөжтэй, үр дүнтэй хөгжлийн загварт шилжээд байгаа билээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.
Хангайн бүс: Нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6,770, дундаж цалин 1.4 сая.төг бөгөөд нийт малын тоо 13.7 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
- Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
- Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
- Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
- Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
- Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
- Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
- Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл,ядуурлыг бууруулна гэж тооцож байна.
Энэ удаагийн “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд В2В уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, аймгуудын хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ, хоршоодын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.