
Монгол Улсад сэтгүүл зүй, Үндэсний хэвлэл мэдээллийн салбар үүсээд 100 гаруй жилийн нүүрийг үзлээ. Өдгөө ч эрх чөлөө, түүний хамгаалалтын талаар ярьсаар байна. Олон нийтийн цахим сүлжээ хөгжихийн хэрээр мэргэжлийн сэтгүүл зүйн үнэ цэн, нэр хүнд ялгарах хэрэгцээ шаардлага үүсч байна.
Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн салбарт “худалдагдсан”, “гэрээ хийсэн”, “мөнгө авчихаж” гэх хардлага салбарыг бүхлээр нь үгүйсгэн, бүгдийг ийм болсон мэт ойлголтыг олон нийтэд санаатайгаар түгээх, итгүүлэх, сурталчлах замаар өөрийн үзэл бодлоо тулгадаг хандлага цахим сүлжээнд нийтлэг болж, түүнийг хэрэглэгч, оролцогч нь сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө олон болсныг харуулах болжээ. Үүнийг салбарын төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүлчдийн эмгэнэл болжээ гэж дүгнэхээр…
Аливаа нийгэмд “нэр хүнд муутай” хүнтэй ярилцлага хийх нь сэтгүүлчээс зориг, эрсдэл шаардсан ажил. Үнэхээр амаргүй. Сэтгүүлч, тухайн редакц гал руу орж буйтай л адил алхам.
Гэхдээ мэргэжлийн сэтгүүлчийн амбиц үргэлж ховор сонин хүнтэй ярилцах, “зугтаж” буй хүний амыг нээлгэх, үгийг нь хэлүүлэх… Үүнийхээ дараа хийсэн бүтээлээ олон хүнд үзүүлж, түгээх байдаг.
Халуун сэдэв, үйл явдлын эзэнтэй ярилцлага хийх нь хэзээд олон нийтийн анхаарлыг татаж, үзэгдэж, уншигдаж байдаг жамтай. Эмч хүн өвчтөнөө сайн, муугаар нь ялгаж, муу хүн байлаа гээд эмчлэхгүй буцаадаггүй. Сэтгүүлч ч “Өөө энэ чинь нэр хүндгүй, муу хүн байна ярилцахгүй” гэж хажуугаараа зүгээр өнгөрөөхгүй. Олон нийтийн сонирхол тэр хүний үгийг хүлээж байхад “муу” хүн гэдэг шалгуураар ярилцлага хийхгүй өнгөрдөг сэтгүүлч байхгүй биз ээ.
Сонирхолтой төдийгүй асуудлын гол эх сурвалж мөн л бол ярилцана, яриулна. Харин ярилцахдаа жижиг ч гэсэн алдаа гаргавал сэтгүүлч өөрөө асуудалд орно, ярилцагч нь харин сэтгүүлчийн асуултанд хэрхэн хариулах нь эх сурвалжийн эрхийн асуудал. Түүнээс биш сэтгүүлч асуултаа бэлдэж, сэтгүүл зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээндээ захирагдахаас бус ярилцагчийг асуултанд нь хүссэн хариултыг нь л өгөх ёстой гэж чичлэн, зандрах, гүтгэх, дайрах учиргүй.
Сэтгүүлч тал бүрийн эх сурвалжийг ярилцлагад урих нь хэвлэл мэдээллийн гол зарчим болох мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах оролдлого. Энэ нь Journalism, journalist гэх үгийн агуулгад нь ч байгаа мэргэжлийн гол үүрэг!
Манай улсад төдийгүй дэлхий нийтээрээ ялангуяа улс төр, шударга ёс, авлига гэх мэт эмзэг сэдвүүдэд маш сэтгэл хөдлөлтэй ханддаг. Хэрвээ хэн нэгэн “нийтийн дайсан” болж тогтсон бол, түүнтэй харьцаж байгаа бүх хүн “урвагч”, “хулгайч” мэт харагддаг. Энэ бол сэтгэл хөдлөлийн туйлшралтай нийгмийн шинж. Энэ тохиолдолд “муу нэртэй” эх сурвалжаас асуулт асуусан сэтгүүлч рүү нийгмээрээ, олонхоороо дайрч, бүүллидэх, гутаан доромжлох нь монголын нийгэмд түгээмэл болж.
Иймээс л UNICEF 21-р зууны иргэний заавал эзэмших боловсролд мэдээллийн бичиг үсгийн боловсролыг оруулсан байдаг.
Тэгвэл дэлхий дахинд асуудал хэрхэн өрнөдөг вэ?
– 1994 онд АНУ-ын ABC News-ийн сэтгүүлч зартай алуурчин, хар тамхичин Чарльз Мэнсонтой ярилцаж, тухайн үедээ “Алуурчинд микрофон өглөө” гэж зүхүүлж байв. Гэвч энэ ярилцлага нь алуурчны сэтгэл зүйг олон нийтэд таниулсан хэмээн сайн талаараа дурсагдаж үлдсэн.
Баримт 1: https://www.youtube.com/@boloroobusinessurug4347/videos
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга гэдэг хүнтэй холбоотой сүүлийн үед өрнөөд байгаа Төгрөг нуурын ордын талаарх олон мэдээ, сурвалжилга Өрөг.мн сайт болон албан ёсны цахим хуудаст нээлттэй нийтэлж байсан бөгөөд тухайн хүний талаар мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмын дагуу тайлбарласан, шүүмжилсэн нийтлэлүүд ч бий. Мөн түүнээс ч өмнөх Х.Баттулга гэдэг хүний хамаарал бүхий компаниудын зээлийн асуудлаар, хүүгийнх нь гэмт хэргийн талаар хийсэн нэвтрүүлэг, нийтлэл ч бий.
Баримт 2: https://urug.mn/157916/
Х.БАТТУЛГЫН ХҮҮ, ДҮҮ ХОЁРЫН КОМПАНИУД ХААДС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ ГҮЛДИЙСЭЭР БАЙНА
Өрөг.мн сайтын редакц цаашид олон нийтийн анхаарал татсан халуун сэдэв, үйл явдал, үзэгч, уншигчдын мэдэх эрхийг хангасан мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжилгаа мэргэжлийн сэтгүүл зүйн дүрэм, ёс зүйн хэм хэмжээг баримтлан бэлтгэж үзэгч, уншигчдадаа хүргэсээр байх болно.