
-ТҮЦ ТҮҮХ БОЛОХ УУ-
Хотын мээр Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт /2025.04.03/ дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзсан. Тэр үеэрээ “ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн Засаг дарга нар төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэ. Сүхбаатар дүүрэг тэр Багшийн дээдийн өмнө талын хэдэн завхарсан ТҮЦ-үүдийг нүүлгэ. Ирэх долоо хоногт нүүлгэ. Би өөрөө очиж шалгая” гэж, дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Товчхондоо бол тэрбээр явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэгдсэн байгаа юм.
Хотын дарга гэнэтхэн л иргэдийнхээ бизнес рүү “гар дүрээд” ачна гээд байгаа юм биш биз. Албадан нүүлгэхээс өмнө та өөрөө ТҮЦ-ээ нүүлгээрэй гээд хоног хугацаа өгсөн юм болов уу гэсэн асуулттай нүүр тулав. Иймд өчигдөр буюу 04.10-нд Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг зорьж, тэдгээрийн төлөөлөлтэй уулзлаа. Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдэд голчлон номын худалдаа эрхлэгчид бий. Урагш явган хүний зам гарвал л хүнсний худалдаа эрхлэгчидтэй таарна. Тэдний ярьж буйгаар бол дөрөвдүгээр сарын 4-нд шаардах бичиг ирж, 7-нд ачна гэж мэдэгджээ. Гуравхан хоногийн дотор цаг хугацааны давчууд яг яахаа мэдэхгүй эргэцэж буйгаа тэд нуусангүй. Шөнө ирээд ТҮЦ-ийг минь аччих вий гэх айдастай номын худалдаа эрхлэгчид номуудаа хайрцаглаж, зарим нь шөнө хамаг юмыг нь хамт ачаад явчихвал яана хэмээн тэндээ хонож буй талаараа ярьж байлаа.
-ЦААШИД ЯАХ ВЭ? ГЭХ АСУУЛТТАЙ НҮҮР ТУЛСАН ХҮМҮҮС-
Тэдний нэг бол Ц.Түвшинжаргал. Тэрбээр “Нүүлгэнэ шүү гэсэн хүч түрсэн шаардах хуудас ирсэн. Номуудаа баглаад л байж байна. Айдастай байна. Ирээд ачаад явбал шал нь даахгүй. Цэрэг, цагдаагийнхан номуудыг маань урчихвал яах юм гээд л…
Ер нь бол багшийн сургуулиа л түшиглэж ном байгаа шүү дээ. Түүнээс биш бид барилгын дэлгүүрийн хажууд очиж яах юм. 100 айл барилгаараа л алдартай. Багшийн дээд бол номоороо л алдартай газар шүү дээ. Одоо нүүлгэвэл дуусаа. Яг яахаа мэдэхгүй байна. Бид айдастай байна. Энэ шийдвэрээ эргэн хараач, Хотын дарга аа. Бүгд л лизингтэй, өртэй, зээлтэй байгаа шүү дээ. Бид алт ухаж зараад, худалдчихаагүй шүү дээ. Бид мөрөөрөө амьдраад, энүүхэн зайнд л сууж байгаа” хэмээв.
Тэдний хажууханд нь номын худалдаа эрхлэгч У.Өлзийсайхан “Өнөө шөнө ачна гэж Дүүргээс бидэнд мэдэгдсэн. Дөрвөн шөнө машиндаа суугаад ТҮЦ-ээ манаж хонож байна даа. ТҮЦ-ийг маань ачихдаа юмыг маань хэмхлээд, задлаад хаячихна. Би өмнө нь ТҮЦ-ээ ачуулж байсан хүн. Энэ ТҮЦ-ээ 12 саяар авч байсан. Хэрэв цагдаа нар ТҮЦ ачих гээд ирвэл гуйж байгаад хамаг юмаа ачаад явна гэсэн бодолтой л байна” гэв.
Урагш нүхэн гарцаар гараад байх ТҮЦ-үүдийн нэгт хүнсний худалдаа эрхлэгч Л.Лхамхүү “Хэрэв миний ТҮЦ-ийг унтаж байхад минь ачаад явчихвал гудамжинд бараагаа дэлгээд л зарна. Эсвэл машиныхаа арыг онгойлгож байгаад зарна. “Ингээд зарахаар хотын өнгө үзэмж гоё байна уу. ТҮЦ дотроо цэвэрхэн тавиад зарах нь гоё байна уу” гэж Х.Нямбаатараас асууна аа” гэсэн юм.
-ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ-
Ulaanbaatar.mn бол нийслэлийн сайт. Товчхондоо бол Х.Нямбаатарын ажлаа тайлагнах суваг. Эл сайт дээр нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэлсэн байна. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх аж. Гэвч санал асуулга иргэдээс авч дуусахаас өмнө яагаад ТҮЦ-үүдийг ачиж байгаа юм бол. Зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ нийслэлд байдаг гэхээр энэ тооны хүн ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжихээр дүр зураг харагдаж байна.
Бас наанадаж, өөрийн хөрөнгөөр өр зээл тавьж авсан ТҮЦ-ээ журмын хашаанд хураалгачхаад буцааж хэрхэн авах, авлаа гэхэд түүнийгээ хаана, ямар байдлаар ашиглаж болохыг нь ч хэлж өгөхгүй юм. Нэг л их хураана, ачна гэсэн хүн. Хотын өнгө үзэмж чухал ч өчнөөн хүний амьдрал, ахуй хөндөгдөж байна шүү дээ цаана нь. Бас дахиад нэг хөндөгдөх юм нь зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг ачлаа гэхэд цаана нь яг зөвшөөрөлтэй хэчнээн ТҮЦ үлдэх юм. Тэдгээрт ямар стандарт үйлчлэх юм. Иргэд зөвшөөрөлтэй ТҮЦ-ийг хараад яаж таних юм. ТҮЦ-ийн зөвшөөрөл сүүлдээ бизнес болж, хэн нэгний мөнгөжих арга болох вий гээд ярих олон л асуудал байна. Энэ бүхэн дээрээ зүгээр л тайван хотын дарга хүн шиг гарч ирээд тайлбар хийгээсэй.