
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урдчилан сэргийлэх, аюулаас хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тогтолцоог бий болгох хууль санаачлан, батлуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах дэмжих бүлэг УИХ-д байгуулагдаж байна.
Энэхүү дэмжих бүлэгт одоогийн байдлаар 38 УИХ-ын гишүүн гарын үсэг зуржээ.
Улсын хэмжээнд сүүлийн 2018-2023 оны 5 жилийн байдлаар 118,908 зам тээврийн осол бүртгэгдэж, 6,468 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1,298 хүн нас барснаас 260 хүүхэд эндсэн бол 2024 оны байдлаар 30,977 зам тээврийн осол бүртгэгдэж, 2520 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 631 хүн нас барснаас 69 хүүхэд эндсэн тоон мэдээлэл гарчээ.
2 хоногийн өмнө гэхэд Баянзүрхийн товчоо орчмын замд гарцаар гарч байсан 12 настай хүүхэд зам тээврийн осолд өртөж хүнд гэмтэж ГССҮТ-д эмчлүүлж байна.
Шалтгаан нөхцлийг авч үзвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг, хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын зорчих хэсэг болон ойролцоо тоглох, сургууль, цэцэрлэгийн орчин нь стандартын дагуу тохижуулагдаагүй, түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгодоггүй, буруу үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй байх боловч дадал суугаагүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.
Гэтэл энгийн нэг жишээ бол бидний сайн мэдэх БНСУ-д 1990 оны үед жилд дунджаар 1,500 гаран хүүхэд зам тээврийн ослын улмаас нас бардаг байсан бол 2023 оны байдлаар 14 болгон бууруулж чадсан байна. Үүний хамгийн гол нөлөөлөл бол төрөөс хүүхдийг хамгаалах бодлогыг тууштай баримталж, шийдвэр гаргаж байсан явдал юм.
Энэхүү туршлагыг Монгол улсдаа нэвтрүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2025 оны 02 дугаар сард БНСУ-д ажиллаж, БНСУ-ын Ерөнхий ассамблейн Хүүхдийн аюулгүй байдлын форумд оролцон, Форумын дарга, үндэсний ассамблейн гишүүн Юн Хо Жун, форумын дэд дарга, үндэсний ассамблейн гишүүн Сун Сок Жүн нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ирсэн.
Дэмжих бүлэг 2024-2028 оны Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд дараах 3 чиглэлд төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэг, эцэг эх, хүүхдүүдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан ажиллах аж.
- Хүүхэд хамгааллын тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах эдийн засгийн болон эрх зүйн орчныг бүрдүүлэх;
- Зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд таниулах, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг, эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар бодлого боловсруулж ажиллах;
- Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно.